Хайх

Baselworld 2019: Rolex брэндийн онцлох 4 загвар

Baselworld 2019: Rolex брэндийн онцлох 4 загвар

Хүлээлгийн жагсаалтад орсон ч хамаагүй заавал цуглуулгадаа нэмэх бугуйн цагууд

Text: Г.Тэмүүлэн


Жил бүрийн хавар дэлхийн тэргүүлэх цаг ба үнэт эдлэлийн брэндүүд Швейцарын Базел хотод зохион байгуулагддаг Baselworld үзэсгэлэн дээр шинэ бүтээлүүдээ дэлгэдэг уламжлалтай. Энэ жил ч мөн салбарын гол тоглогчид нарийн тооцоолол бүхий механизм, дэвшилтэт технологи ба үнэт эдлэл солонгорсон тансаг хийцийг хослуулсан шилдэг шинэ бүтээлүүдээ танилцуулж, дэлхийн хэвлэл мэдээллийнхнийг таван хоногийн турш алмайрууллаа. Үүгээр ч зогсохгүй цаг сонирхогчдын дунд одоог хүртэл үзэсгэлэнгийн шуугиан намжиж амжилгүй ярианых нь гол сэдэв болсоор байна. Baselworld 2019 үзэсгэлэн дээр танилцуулсан олон сонирхолтой бугуйн цагуудаас Rolex брэндийн шинэхэн бүтээлүүд харц булааж байсан бөгөөд тэрхүү загваруудаас бидэнд хамгийн ихээр таалагдсан дөрвөн цагийг сонгон онцолж байна.

Oyster Perpetual Cosmograph Daytona


Baselworld 2019: Rolex брэндийн онцлох 4 загвар (фото 1)

Та энэхүү цагийг ойроос харахаар шийдсэн бол нарны шилээ зүүгээрэй! Анх 1960-аад онд хурд ба автомашинд дурлагсдад зориулан бүтээгдэж, энэ цагаас хойш цаг цуглуулагчдын хүслийн жагсаалтад зүй ёсоор бичигдэх болсон энэхүү домогт цаг энэ жил цоо шинэ төрхтэй болон шинэчлэгджээ. Шинэ загварын Cosmograph Daytona хронограф цагны эх биеийг 18 каратын шар алтаар урласан байна. Энэ удаад уламжлалт тахиметрыг 36 ширхэг трапец хэлбэрийн зүсэлттэй очир-эрдэнээр орлосон бөгөөд цагны нүүрийг мөн л 243 ширхэг жижиг очир эрдэнэсүүдээр хучсан байгаа. Оргилуун дарсны өнгөтэй, цагны хэмжигчүүд нь хар өнгийн, тусгай уян хатан материалаар хийгдсэн Oysterflex оосортой гайхалтай зохицож, тансаг дизайн болон орчин үеийн технологийг төгс хослуулж чадсаныг илтгэж байлаа. Гэхдээ үнэт эрдэнэсээр бүрхэгдсэн гаднах дизайн нь Rolex-ийн нэрийн хуудас болсон бат бөх найдвартай чанарыг үгүйсгэхгүй. Тухайлбал цагны Oyster эх бие 100 м хүртэлх гүнд уснаас найдвартай хамгаалах бөгөөд технологийн дэвшилтэт 4130 загварын хөдөлгүүр нь нарийн тооцоолол ба бат бөх чанарыг хангаж өгнө.

 

GMT-Master II


Baselworld 2019: Rolex брэндийн онцлох 4 загвар (фото 2)

Цаг сонирхогчдын дунд "Batman" хэмээн нэрлэгддэг GMT-Master II загвар нь Rolex брэндийн хамгийн алдартай цагуудын нэг. Өнгөрсөн жил Rolex брэнд цэнхэр, улаан өнгийн керамик тойрогтой "Pepsi" загварыг танилцуулсан бол энэ удаад хар ба хөх өнгийг хослуулсан хоёр чиглэлд эргэлддэг тойрогтой шинэ хувилбараа дэлгэсэн юм. Өнгөнөөс гадна "Jubilee" оосор болон хамгийн сүүлийн үеийн хөдөлгүүрээр (3285) тоноглож өгсөн байгаа. Oystersteel ган эх биетэй, нэгэн зэрэг олон цагийн бүс харуулах чадвартай уг цаг нь дэлхийгээр аялагчдад таалагдах нь гарцаагүй. Хэрэв та "Pepsi" болон "Batman" загваруудын алийг нь сонгохоо мэдэхгүй байвал энэхүү хар, хөх өнгийн GMT-Master II төгс сонголт болно. 


Yacht-Master 42


Baselworld 2019: Rolex брэндийн онцлох 4 загвар (фото 3)

Спортлог, прагматик, тансаг. Эдгээр үгсээр шинэ 42 мм диаметртэй Yacht-Master II цагийг тодорхойлж болно. Хар өнгийн матт тойрог, 3235 загварын соронзон нөлөөнд тэсвэртэй сүүлийн үеийн хөдөлгүүр, 18 каратын цагаан алт, дэвшилтэт материалаар бүтээгдсэн Oysterflex уян хатан оосортой энэхүү цаг нь нарийвчлал, гадны нөхцөлд тэсвэртэй байдал, тав тух зэрэг Rolex брэндийн жишиг болсон үзүүлэлтүүд болон дарвуулт завины спортын мөн чанарыг өөртөө цогцлоожээ.

 

Sea-Dweller 4000


Baselworld 2019: Rolex брэндийн онцлох 4 загвар (фото 4)

Одоогоос хоёр жилийн өмнө 50 жилийн ойгоо тэмдэглэсэн домогт Sea-Dweller загвар Oystersteel ган болон "Yellow Rolesor" хэмээх 18 каратын шар алтны хослол болсон шинэ загвараар эргэн ирлээ. Анх мэргэжлийн шумбагчдад зориулан бүтээгдэж байсан уг загвар нь мөн л соронзон нөлөөний эсрэг хамгаалалттай 3235 загварын шинэ хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 1,220 метрийн гүнд асуудалгүй ажиллах чадвартай. Өөрөөр хэлбэл домогт цагны экстрим орчинд тэсвэртэй шинэ хувилбарыг алга ташин хүлээн авна уу!

 

Rolex Mongolia

Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх