Зөвхөн тестостерон л жинхэнэ эр хүнийг бүтээдэг гэдэг нь үнэн үү?

Техник технологи хөгжихийн хэрээр хэрэгцээ, шаардлагатай мэдээллүүдийг утасны дэлгэц товших төдийхнөөр амар хялбар авах боломжтой, мэдээллийн эрин зуунд бид бүхэн амьдарч байгаа билээ. Хэдий эерэг зүйл мэт сонсогдовч энэхүү мэдээллийн давлагааны эрчим нэмэгдэх бүр хүмүүсийн мэдээллийг боловсруулан тунгаах чадвар улам бүр алдагдаж байна. Үүний уршгаар цахим орчин дахь нөлөөлөгчдийн баталгаат эх үүсвэргүй, тоо баримт дутмаг, шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээ мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авснаар нийтээрээ амьдралын буруу хэвшилд автагдах нь нэмэгдээд буй. Үүний нэг тод жишээ нь “looksmaxxing” гэх эрчүүдэд зориулсан, гадаад төрхийн хувьд байж болох төгс хувилбарыг бий болгох тухай суртал ухуулгын шинж чанартай контентууд юм. Мөн л зөв зүйл мэт сонсогдовч уг контентын агуулга нь царайны өнцгийг тодотгож, хацрын ясаа товойлгохын тулд алхаар цохиж гэмтээх, олон хоногоор мацаг бариулах, онц шаардлагагүй гоо сайхны хагалгаанд орохыг ятгах зэргээр хортой зөвлөгөөнүүдээс бүрддэг билээ. Тэр дундаа тестостерон даавартай холбоотой буруу мэдээллийг мэргэжлийн бус, үндэслэлгүйгээр хүргэдэг нь зөвхөн эрүүл мэндэд ч эргэшгүй өөрчлөлт авчраад зогсохгүй, залуу үеийнхэнд гадаад үзэмж болон хүйсээр нь ялгаварлан гадуурхах нийгмийн сөрөг үзэгдлүүдийг ч даамжруулах эрсдэлтэй. Тиймээс тестостероны дааврын талаарх интернэт орчинд буруу мэдээллийг засаж залруулах үүднээс шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан бодит няцаалтыг бүлэглэн хүргэе.

Буруу ойлголт: Тестостерон бол зөвхөн эрчүүдийн даавар

Няцаалт: Эмэгтэй хүнд ч тестостерон ялгардаг.


Тестостерон даавар нь төмсөг болон бөөрний дээд булчирхайнаас ялгардаг. Бөөрний дээд булчирхай нь хүйс харгалзахгүйгээр хүний биед оршдог тул эмэгтэйчүүдийн биед ч тестостерон даавар ялгардаг. Гагцхүү эрчүүдэд илүү их хэмжээтэй ялгарч, бие махбодын эр хэв шинжийг илүү тодотгож өгдөг эр бэлгийн дааврын нэг төрөл бөгөөд зөвхөн эрчүүдэд л ялгардаг даавар биш юм.

Буруу ойлголт: Тестостерон их байх тусам эрэгтэй хүний биед сайн.

Няцаалт: Тестостерон даавар тодорхой тоо хэмжээнд л баригддаг.


Хүний бие махбодын үйл ажиллагаа нь автомат тохируулгын шинж чанартай байдаг. Хэрвээ цусанд дахь тестостерон дааврын хэмжээ хэвийн түвшнээс ихэсвэл өнчин тархи та бидний хүслээс үл хамааран төмсгөөс ялгарах тестостероны хэмжээг багасган, хэвийн хэмжээнд нь барьдаг. Энэхүү хэвийн тоо хэмжээ нь эрэгтэй хүн бүрд адилгүй бөгөөд зарим эрэгтэй хүн сахал, үс ургамтгай, зарим нь сахалгүй байдаг нь үүнтэй холбоотой. Хэрвээ нэмэлтээр эм болон тариураар цусан дахь тестостероны хэмжээг зохиомлоор ихэсгэвэл, өнчин тархи дээрх зарчмаар төмсгийн тестостероны үйлдвэрлэлийг багасгаж орхино. Энэ нь даамжирвал төмсгийн үйл ажиллагааг доголдуулж үргүйдэлд ч хүргэж болно. Тиймээс тестостерон нь эр хүний биед их байх тусам эршүүд болно гэдэг буруу ойлголт таны хүссэнээс чанх эсрэг үр дүнд ч хүргэх эрсдэлтэй.

Буруу ойлголт: Тестостерон жинхэнэ эр хүнийг бий болгодог

Няцаалт: Зөвхөн анатомийн хувьд л зарим эршүүд хэв шинжүүдийг бий болгодог.


Тестостерон нь булчингийн хөгжлийг дэмжиж, сахлыг ургуулж, дуу хоолойг бүдүүрүүлж, ясыг илүү бат бөх болгох зэргээр уламжлалт эрэгтэй хэв шинжийг бий болгодог нь үнэн. Гэхдээ өндөр хамар, өргөн шанаа, тод хөмсөг, хүчирхэг эрүү зэрэг хэв шинжүүдийг бүтээхгүй. Эдгээр нь цэвэр удамшлаас хамааралтай зүйл бөгөөд эмэгтэй хүнд ч мөн байдаг шинжүүд билээ. Мөн тестостерон танд алсын хараа, хариуцлагатай чанар, гүнзгий бодол, хайрлан хамгаалах сэтгэл, асуудлыг шийдэх чадвар зэрэг эр хүнээс хүсдэг нийгмийн хүлээлтүүдийг бий болгож чадахгүй. Гагцхүү эдгээр нь таны амьдралын туршлага, үзэл хандлага болон ухамсраас шалтгаалах зүйл билээ.

З. Зоригт

2026-08-28, 11:24