Египетийн Их Музей арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

Аль ч орны дунд сургуулийн дэлхийн түүхийн сурах бичигт эртний Египетийн тухай тусдаа бүлэг сэдвийг заавал багтаасан байдаг. Энэ нь цаагуураа дэлхий дээр хүн төрөлхтний хөгжлийн хувьсал хэрхэн явагдсаныг гэрчлэх маш олон нотолгоог эртний Египетийн түүх тайлбарладагтай холбоотой билээ. Мөн хэрэв та дэлхийн аль нэг улс оронд урлаг судлалаар суралцах мөрөөдөлтэй бол эртний Египетчүүдийн түүхийг заавал судлах шаардлага гардаг. Учир нь эртний Египетчүүдийн гараар бүтээсэн юмс болгон нууцлаг утга санаа, үхэл хийгээд дахин төрөлтийг илэрхийлж, бурхдын зиндаанд үнэлэгддэг муурыг уран нарийн хийцээр баримал болгон урладаг ахуйн соёлоос эхлээд урлагийн бүтээл гэж нэрийдэхээс аргагүй олон зуун бүтээлүүдийг хийж үлдээсэнд оршдог. Европ тивд байдаг түүхийн олон гайхалтай музей эртний Египетийн олдворуудыг дэлгэн харуулдаг. Зарим хүмүүсийн хошигнолоор “Египет улсад ер нь юм үлдсэн юм уу” гэж хүртэл ярихыг та Луврын музейн египетийн танхимаас сонсож магадгүй.

Тэгвэл энэ жилийн арван нэгдүгээр сард Египет улсын Каир хотод Grand Egyptian Museum буюу Египетийн Их Музей албан ёсоор үүд хаалгаа нээх гэж байна. Энэ нь Египетийн аялал жуулчлал, археологийн салбарт шинэ үеийг эхлүүлэх томоохон соёлын бүтээн байгуулалт хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. 2002 оны нэгдүгээр сарын 5-нд Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн санаачилгаар тус музейг байгуулах ажил эхэлж 82 орноос 1557 төсөл хүлээн авч сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд 20 төсөл шигшигдэж үлдсэнээс Ирландын Heneghan Peng компани өөрсдийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Үүгээр тус музей энэ онд үүд хаалгаа нээж дэлхийн хэмжээний аялал жуулчлалын төв болохоор төлөвлөгдөж байна.

Гиза дахь пирамидаас ердөө хоёр километрийн зайд байрлах энэхүү тэрбум ам.долларын өртгөөр боссон байгууламж нь нийт 485,000 м² талбайг хамарч 100,000 гаруй олдворыг олны хүртээл болгон дэлгэх бөгөөд үүнээс урьд хожид дэлгээгүй 20,000 орчим олдворуудыг нийтэд танилцуулах юм. Хамгийн их хүлээлттэй байгаа үзмэр бол фараон хаан Тутанхамоны бунхны бүрэн цуглуулга ба алдарт алтаар бүрсэн баг, үнэт эдлэл, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг цоморлиг болгон харуулна. Музейн төв хаалгаар зочдыг 83 тонн жинтэй агуу Рамсес II удирдагчийн аварга хөшөө угтаж, цаашлаад тус орны 7,000 жилийн түүхийг гэрчлэх үзмэрүүдийг цаг хугацааны дарааллаар өртөөчилсөн байдлаар дэлгэж, хүрэлцэн ирсэн зочдыг түүхээр аялуулах юм. Нэмж дурдахад тус музей нь өөр бусад улс орнуудын үзмэрүүдийг дэлгэхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн соёл, өвийг голчлон харуулах ажээ. Харин түүхийн хэлхээг бүрэн ойлгуулах үүднээс Египеттэй дайн болон энхийн харилцаатай байсан Грек, Ромын олдворуудыг үзүүлэх бөгөөд энэ ч утгаараа тус музей нь зөвхөн нэг улсын соёл иргэншлийг харуулсан дэлхийн хамгийн том музей болох ажээ.

Ж.Булган

2025-08-14, 13:53