Netflix-ийн Physical: Asia шоунд оролцож буй Монголын багтай танилцацгаая

Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй реалити шоунуудын нэг болох Physical 100-гийн спин-офф, Physical: Asia тун удахгүй буюу ирэх аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өмнө нь зөвхөн Өмнөд Солонгост зохиогддог байсан тус шоу энэ удаад анх удаа Азийн найман улсын баг өрсөлдөх өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Багуудын ахлагчдын тоонд боксын домог болсон Мэнни Пакьяо, UFC-ийн аварга Роберт Уиттакер зэрэг дэлхийн хэмжээний тамирчид багтсан нь шоуны хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

Харин Монгол Улсаас хүч чадал, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорих шилдэг тамирчид шалгарч, өрсөлдөөнт энэ тайзанд баг бүрдүүлэн оролцохоор болсон талаар та магадгүй дуулсан болов уу. Ингээд Монголын багийн гишүүдтэй танилцацгаая.


Үндэсний бөхийн “Улсын арслан” цолтой Баярсайханы Орхонбаяр

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, 27 настай Б.Орхонбаяр нь үндэсний бөхийн "Улсын арслан" цолтой. Тэрээр 2019 онд ердөө 21 настайдаа “Улсын начин” цол хүртэж, удалгүй харцага, арслан цолонд хүрч чадсан юм. Монгол бөхийн ирээдүй хэмээн нэрлэгддэг түүний хүч чадал олон улсын энэ тайзан дээр эх орноо төлөөлөх гол цөм болж байна.


Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Амарсайханы Адъяасүрэн

25 настай А.Адъяасүрэн нь жүдо бөхийн хүнд жингийн ангиллын шилдэг тамирчдын нэг. Тэрээр “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Парис-2024 Олимпийн наадамд эх орноо төлөөлж оролцож байсан туршлагатай. Гарын хүч, хөшүүргийн техникээрээ олонд танигдсан түүний олон улсын тэмцээнүүдийн туршлага шоуны сорилтуудад багийн томоохон давуу тал болох болов уу.


Сагсан бөмбөгийн 3х3-ийн Үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Дөлгөөн

Өдгөө 33 настай, Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч Э.Дөлгөөн нь хурд, авхаалж самбаа, нарийн техникээрээ ялгардаг. Тэрээр дэлхийн чансаанд багийнхаа амжилтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд “хурдтай тоглогч” хэмээн спорт сонирхогчдын дунд нэрлэгддэг билээ.


Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Гантогтохын Хандсүрэн

Монголын волейболын үндэсний шигшээ багийн тоглогч Г.Хандсүрэн өндөр бие, хүчтэй довтолгоо, хамгаалалтын чадвараараа танигдсан билээ. Тэрээр өмнө нь Япон болон Тайванийн мэргэжлийн лигүүдэд тоглож байсан туршлагатай бөгөөд үсрэлт, гарын эв дүйгээрээ шоуны сорилтуудад онцгой үүрэг гүйцэтгэх хүлээлттэй байна.


Холимог тулааны тамирчин Баатархүүгийн Энх-Оргил

ONE Championship зэрэг томоохон холбоонд тулалдсан туршлагатай Б.Энх-Оргил нь зөвхөн хүч чадлаар бус хурд, тэсвэр, стратегийн сэтгэлгээгээрээ ялгардаг. Тэрээр тус шоуны төрөл бүрийн биеийн сорилтод хамгийн амжилт үзүүлж чадах бэлтгэлтэй тамирчдын нэг юм.


Уран нугараач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир

Уян хатан биеийн хөдөлгөөнөөрөө дэлхийд гайхагдсан уран нугараач Э.Лхагва-Очир нь спорт бус урлагийн салбараас шоуны тайзанд гарч буй гэдгээрээ ялгарч байна. Тэрээр циркийн олон улсын А зэрэглэлийн наадмаас 10 гаруй шагнал хүртэж байсан бөгөөд бодибилдинг, фитнесийн тэмцээнүүдэд ч амжилт гаргажээ. Уян хатан, тэсвэртэй, өөрийгөө хянах чадвар нь багийн гүйцэтгэлд онцгой хувь нэмэр оруулах нь дамжиггүй.


Э.Цовоо

2025-09-24, 12:12