Үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчин руу: Сидни Суинигийн өөрчлөлт

Эмэгтэй боксын анхдагчийн тухай өгүүлэх Christy хэмээх намтарчилсан кинонд жүжигчин Сидни Суини домогт боксчин Кристи Мартины дүрийг бүтээж байна. Уг бүтээлийн албан ёсны трэйлер хэдхэн цагийн өмнө цацагдсан бөгөөд найруулагчаар Дэвид Мишод ажиллажээ. Киноны үйл явдалд Кристигийн хэрхэн амжилтад хүрсэн талаар, карьерын оргил мөчүүд болон хувийн амьдралд нь тулгарсан бэрхшээлүүдийг өгүүлэх аж.

Харин жүжигчин Сидни Суини энэ дүрийг бүтээхийн тулд биеийн болон сэтгэлзүйн хувьд томоохон өөрчлөлт хийжээ. Тэрээр хэдэн сарын турш мэргэжлийн боксчдын адил бэлтгэл хийж, цохилт, хөл хөдөлгөөн, тэсвэр хатуужлын техникийг сурчээ. Ингэхдээ зөвхөн жүжиглэх бус, үнэхээр рингэнд гарч тэмцэх чадвартай болохын төлөө ажилласан юм. Түүнчлэн Сидни Суини булчин шөрмөсөө хөгжүүлэхийн тулд биеийн жингээ 13 кг-аар нэмэгдүүлж, биеийн хэлбэр, дүр төрхөө бүрэн өөрчилжээ.

Мөн тэрээр энэ дүрийг бүтээхийн тулд зөвхөн бие махбодын төдийгүй эмэгтэйчүүдийн спортын ертөнцөд тулгардаг саад бэрхшээлүүдийг гүнзгий судалсан гэдгээ дурдсан. Тэрээр Кристи Мартины хүчирхийлэлтэй харилцаа, дотоод тэмцэл, сэтгэлзүйн дарамтыг ойлгохын тулд ихээхэн хугацаа зарцуулжээ.

Christy кино ирэх арваннэгдүгээр сарын 7-нд зөвхөн кино театруудад нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Э.Цовоо

2025-09-12, 13:05