Зургаадугаар сард нээлтээ хийх хүлээлт өндөртэй кинонууд

Бидний дурсамжид хамгийн тод хоногшин үлддэг зүйлүүдийн нэг бол яах аргагүй өргөн дэлгэцийн бүтээл билээ. Диснейн кино эхэлж буйг илтгэх аварга цайзын дээгүүр дугуйран гэрэлтүүлэх солирыг харах бүрд бидний царайнд мишээл тодорч, тэр л цаг үеийн дурсамжит кадрууд сэтгэлд хөвөрч, өөрсдийгөө хүүхэд байснаа эргэн санадаг билээ. Энэ зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд яг энэ л “nostalgia”-г авчрах гэсэн мэт 90-ээд онд энтертайнмент ертөнцийг донсолгож байсан кинонуудын ээлжит ангиуд нээлтээ хийх гэж байна. Танд хожмын нэг өдөр дурсагдах дурсамжийг тань зузаатгаж өгөх зургаадугаар сард нээлтээ хийх кинонуудтай танилцацгаая.


"SCARY MOVIE 6"

найруулагч Майкл Тиддес

Аймшгийн киноны элементийг орчин цагийн поп соёл дахь олон нийтийн анхаарлыг татсан сэдэв болоод үйл явдалтай хоржоонтойгоор сүлэлдүүлж, элэглэдэг алдарт Scary Movie киноны зургаадугаар анги ирэх зургаадугаар сарын зургаанд нээлтээ хийх гэж байна. Анх трейлер нь цацагдсан даруйдаа GenZ үеийнхний хүчтэй шүүмжлэлд өртөөд буй уг киноны нээлтээ хийх өдөр нь ч чөтгөрийн 666 тоог егөөдөх мэт гурван ширхэг зургаагийн тоо агуулж байна. Мөн тус бүтээлийн анхлан олны хүртээл болгосон жүжигчин, найруулагч Вайяны ах дүүс энэ ангийг мөн найруулсан нь үзэгчдийн хүлээлтийг улам өндөрсгөж байгаа бөгөөд “Бид инээдмийн кино өмнө нь ямар байсан тэр хэвээр нь эргүүлж авчрах болно. Ингэхийн тулд бид “cancel culture”-ыг халахаас өөр аргагүй” хэмээн Entertainment Weekly-д өгсөн ярилцлагын үеэр дурджээ. Зуны эхэн сар ч зугаатай эхлэх нь ээ…

Scary Movie 6 -  Official Final Trailer (2026)

"DISCLOSURE DAY"

найруулагч Стивен Спилберг

1982 онд алдарт E.T. the Extra-Terrestrial киногоо бүтээснээс хойш 44 жилийн дараа Стивен Спилберг харийнхны тухай шинжлэх ухааны зөгнөлт бүтээл Disclosure Day киногоороо зургаадугаар сарын 12-нд эргэн ирж байна. Тус киноны гол дүрд тун саяхан The Devil Wears Prada киноны Эмили Чарлтаны дүрээр дэлгэцэд заларсан жүжигчин Эмили Блант тоглосон байна. Харийнхны талаарх олон нийтэд түгсэн хуйвалдааны онол дээр үндэслэж уг киногоо бүтээсэн найруулагч Стивен Спилберг харийнхан байдаг гэдэгт итгэдгээ хэд хэдэн ярилцлагадаа дурдсан байна. Тиймээс бид бүхний үзэж дассан харийнхан нисдэг таваг хөлөглөн дэлхий рүү түрэмгийлэн дайрдаг шинжлэх ухааны зөгнөлт кинонуудаас илүү бодитой мэдрэмж энэхүү киноноос бид авах бололтой.

Disclosure Day | Official Teaser

"TOY STORY 5"

найруулагчид Эндрю Стэнтон, МакКенна Харрис

Миллениал үеийнхний хүүхэд насны дурсамжийн томоохон хэсэг болох Toy Story хүүхэлдэйн киноны тавдугаар анги зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү шинэ ангийг Pixar студийн шилдэг бүтээлүүд болох Wall-E, Finding Nemo киноны найруулагч Эндрю Стэнтон найруулаад зогсохгүй жүжигчин Том Хэнкс, Тим Аллен нар гол дүрүүдийн дуу хоолойг мөн оруулжээ. Биет тоглоомоос илүүтэй дэлгэцийн тоглоомд л анхаарлаа хандуулах хүүхдүүдийн эрин үед тоглоомын ертөнцийн баатрууд уг сорилтыг хэрхэн хөгжилтэй болоод адал явдалтайгаар туулахыг бид бүхэн мэлмийгээ баясган үзэх л үлдлээ.


"Jackass: Best and Last "

найруулагч Жефф Тремэйн

MTV сувгийн шилдэг реалити шоунуудын нэг Jackass цувралын ээлжит нэгэн бүтээл зургаадугаар сарын 26-нд өргөн дэлгэцээр олны хүртээл болох гэж байна. Амь сорьсон аюултай, бие махбодыг сорьсон, галзуу гэмээр хүндхэн үзүүлбэр, даалгавруудыг туршин сорьдог Jackass бүтээлч хамт олон энэ удаад эцсийн бөгөөд хамгийн шилдэг гэсэн сорилтуудыг бэлдсэн нь киноны нэр болоод трейлерээс нь тодхон анзаарагдана. Jackass шоуны эцэг гэгддэг Dark Shark хочтой Компстон Уилсон энэ удаад ч тус бүтээлийн голлох дүрүүдийн нэг байх бөгөөд ямаршуухан аймшигтай сорилт даалгаврууд гүйцэтгэж үзэгч бидний нүдийг орой дээр нь гаргах бол…

З. Зоригт

2026-06-08, 14:48