K-pop хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй Allday Project хамтлаг
K-pop салбарт сүүлийн жилүүдэд co-ed буюу эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн холимог хамтлаг ховордсон нь зах зээлийн маркетинг, шүтэн бишрэгчдийн сегменттэй холбоотой байв. Тэгвэл YG Entertainment-ийн продюсер байсан Teddy Park өөрийн үүсгэн байгуулсан The Black Label агентлагийнхаа хүрээнд Allday Project нэртэй co-ed хамтлагаа зургаадугаар сарын 16-нд албан ёсоор танилцууллаа. Тэдний анхны дэбют дуу болох Famous цацагдсан даруйдаа Өмнөд Солонгосын хөгжмийн чартуудыг тэргүүлж, YouTube дээрх видео клип нь одоогоор 16 сая гаруй хандалт цуглуулсан амжилт үзүүлээд байна.
Мөн тус хамтлаг нь Өмнөд Солонгосын хамгийн том корпорацуудын нэг Shinsegae группийн үүсгэн байгуулагчийн ач охин Анни, мөн aespa, Тэян, Red Velvet зэрэг алдартай уран бүтээлчдийн бүжгийг дэглэж байсан бүжигчин Бейли нарыг гишүүнээрээ элсүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Хөгжмийн салбар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Allday Project нь K-pop-ийн ирээдүйн шинэ өнгө, шинэ дуу хоолой болох нь эргэлзээгүй. Харин дэлхийн тавцанд тэдний амжилт хэрхэн цэцэглэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Анни
Жинхэнэ нэр: Мүн Сэюүн
Нас: 23
Орд: Хумх
MBTI: ESTJ
Тэрээр Shinsegae группийн үүсгэн байгуулагч И Мёнхигийн ач охин гэдгээрээ олон нийтийн дунд багагүй танигдаад амжсан. Анни долоон настай байхдаа Bigbang болон 2NE1 хамтлагийн хамтарсан Lollipop дууг сонсоод дуучин болох мөрөөдөлтэй болсон аж. Гэвч гэрийнхэн нь түүний алдартан болох хүслийн эсрэг зогсож байсан бөгөөд түүнийг их сургуульд элсвэл дуучин болохыг нь зөвшөөрнө гэсэн гэдэг. Ийнхүү Анни хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж хэд хэдэн их сургуульд тэнцсэн бөгөөд одоогоор Колумбын Их сургуульд суралцаж байгаа аж.
Мөн тэрээр MEOVV хамтлагийн гишүүнээр дэбют хийх гэж байсан ч хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй билээ.
Tarzzan
Жинхэнэ нэр: И Чэвон
Нас: 23
Орд: Жинлүүр
MBTI: ENFP
Tarzzan нь Өмнөд Солонгосын Улсан хотод төрсөн бөгөөд одоогоор Солонгосын Үндэсний Урлагийн Их сургуульд орчин үеийн бүжгээр мэргэшиж байгаа юм. Ахлах сургуульд байхдаа дотоод, гадаадын бүжгийн тэмцээнүүдэд удаа дараа тэргүүлж, бүжгийн ертөнцөд нэрд гарсан тэрээр 2022 оны Сөүл хотын загварын долоо хоногт YGK PLUS агентлагийн нэрийн өмнөөс загвар өмсөгчөөр дебютээ хийж байжээ.
Мөн тэрээр I-DLE-ийн I DO, NewJeans-ийн Supernatural зэрэг алдартай клипнүүдэд тоглосон бөгөөд бага насандаа Lil Wayne, A$AP Rocky нарын уран бүтээлээс урам авч, бүжигчин үеэл эгчийнхээ нөлөөгөөр орчин үеийн бүжгийн замналд хөл тавьж байсан түүхтэй.
Бейли
Жинхэнэ нэр: Сог Юүжин
Нас: 21
Орд: Загас
MBTI: INFP
Тэрээр АНУ-ын Калифорни мужид төрсөн бөгөөд бүжгийн ертөнцөд багаасаа хөл тавьсан нэгэн. Бейли ердөө 3 настайгаасаа бүжиглэж эхэлсэн төдийгүй 10 настайдаа Buns & Roses хэмээх бүжгийн хамтлагийн хамт America’s Got Talent шоунд оролцож байв. Ийнхүү 14 наснаасаа эхлэн АНУ-д бүжиг дэглээч, багшаар ажиллаж эхэлсэн тэрээр hip-hop, jazz, балет зэрэг бүжгийн төрөлд тэгш амжилт үзүүлж, цаашлаад aespa, SHINee, Red Velvet, Тэ Ян зэрэг алдартай уран бүтээлчдийн дууны бүжгийг дэглэж эхэлсэн билээ.
Үчан
Жинхэнэ нэр: Жу Үчан
Нас: 20
Орд: Хумх
MBTI: ENTP
Үчан ердөө 13 настайдаа Show Me The Money шоунд оролцож тус шоуны түүхэн дэх хамгийн залуу финалист болж байсан. Тэрээр анх Cube Entertainment болон BigHit Music-ийн бэлтгэгчээр бэлтгэгдэж байсан бөгөөд Trainee A төслийн нэг хэсэг болох ёстой байсан ч тус дебют нь цуцлагдсан юм.
Ийнхүү Үчан 2019 оны долоодугаар сард өөрийн продюсерлэсэн mixtape-аараа соло уран бүтээлчийн хувиар дебют хийсэн. Мөн тэрээр хүүхэд байхдаа сурталчилгаанд тоглож, загвар өмсөж байсан олон талын авьяастай нэгэн бөгөөд чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглох, аялах, дасгал хийх дуртай.
Ёнсо
Жинхэнэ нэр: И Ёнсо
Нас: 20
Орд: Хилэнц
MBTI: ESTJ
Тэрээр анх Kyonggi бага сургуульд суралцаж байхдаа томоохон энтертайнментуудын хараанд өртөж улмаар SM Entertainment, Source Music зэрэг томоохон агентлагуудад бэлтгэгчээр бэлтгэгдэж байв. Ёнсо NewJeans-ийн гишүүдтэй хамт нэгэн үед бэлтгэгдэж байсан бөгөөд R U Next? шоуны оролцогч болж, ILLIT хамтлагийн pre-debut бүрэлдэхүүнд багтсан ч дебют хийхээсээ өмнө шийдвэрээ өөрчилжээ. Ийнхүү The Black Label-д элсэхдээ тэрээр хүсэл мөрөөдлөөрөө ялгарч чадсан бөгөөд “энд л би хүссэн хөгжмөө хийх боломжтой” гэж итгэдэг байсан хэмээн ярьж байжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт