Playtime 2025 фестивалийн тайзнаа тоглох онцлох уран бүтээлчид

Монголын хамгийн том хөгжмийн фестиваль болох Playtime 2025 эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү наадам нь долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд Налайх дүүрэгт байрлах Playtime хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд энэ жил дотоод, гадаадын 129 гаруй хамтлаг, уран бүтээлчид нэгэн тайзнаа цугларч, дөрвөн өдрийн турш урлаг, хөгжмийн давлагааг үүсгэх нь ээ.

Энэ жилийн Playtime наадмын бүрэлдэхүүн урьд өмнөхөөс ч илүү олон талт, өвөрмөц хамтлаг, дуучдаар дүүрэн байна. Иймд бидний зүгээс хөгжим сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй уран бүтээлчдийг онцлон танилцуулж байна.


Мишээл хамтлаг

Монгол хөгжмийн түүхийн нэгэн хуудсыг бичилцсэн Мишээл хамтлаг энэ удаад Playtime-д дахин зочилно. 1993 онд байгуулагдсан Монголын анхны алтернатив, пост инди панк урсгалыг түгээсэн тус хамтлаг нь Мянга мянган жил болсон ч, Гансрал, Бороо зэрэг дуунуудаараа 1990-ээд оны залуусын зүрхийг эзэмдэж явсан билээ. Мөн Мишээл хамтлагийн суурин дээр Сөрөг хүч хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй. Cөрөг хүч хамтлаг нь Монголын анхны new wave, synthpop хамтлаг бөгөөд 2018 онд Playtime наадмын headliner уран бүтээлчээр тодорсон билээ.


Starfish хамтлаг

Анх 2006 онд байгуулагдсан, трип хоп урсгалын цорын ганц төлөөлөгчдийн нэг Starfish хамтлаг Playtime-ийн тайзнаа уран бүтээлээ толилуулахаар бэлдэж байна. Michel & Amazonka брэндийн дизайнер Амазонка буюу Ч.Нямханд авьяаслаг дизайнер төдийгүй Starfish хамтлагийн гоцлол дуучин гэдгийг хөгжим сонирхогч залуус маш сайн мэдэх учиртай. Тэдний Ягаан гариг, Новшроо зэрэг бүтээлүүд нь тухайн үедээ хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж, олон залуу сонсогчдын анхаарлыг татаж байсан билээ.


YHWH Nailgun хамтлаг

YHWH Nailgun бол Нью-Йоркоос гаралтай, дөрвөн гишүүнтэй, пост-панк болон экспериментал рок урсгалын шинэ давлагааг илэрхийлэгч хамтлаг юм. 2020 онд анх Филадельфиа хотод үүсгэн байгуулагдсан тус хамтлагийн хөгжмийн стиль нь хурц хэр нь сонсголонтой, хүний дотоод мэдрэмжийг өдөөх цочмог өнгө аясаараа ялгардаг. Тэд 2025 оны гуравдугаар сард 45 Pounds нэртэй дебют цомгоо сонсогчдын хүртээл болгож, шинэлэг өнгө аясаараа хөгжим сонирхогчид болон шүүмжлэгчдээс багагүй сайшаал хүртэж чадсан билээ. Энэ жил тэд анх удаа Playtime фестивалийн тайзнаа гарч, Монголын үзэгчдэд өөрсдийн эрч хүчтэй, өвөрмөц уран бүтээлийг хүргэх гэж байна.


DJ Эллен Айлен

Фестивалийн бас нэгэн онцлох зочин бол Эллен Айлен. Техногийн хатан хаан хэмээгддэг тэрээр техно урсгалын анхдагчдын нэг бөгөөд хүчтэй хэмнэлийг өөрийн өвөрмөц уран бүтээлийн хэв маягтай хослуулдгаараа алдартай. Мөн Эллен 1999 онд BPitch Control нэртэй өөрийн лэйблийг үүсгэн байгуулж Modeselektor, Apparat, Paul Kalkbrenner зэрэг дэлхийн алдартнуудыг дэмжин гаргаж ирсэн гэдгээрээ салбартаа танигдсан нэгэн юм. 


Э.Цовоо

2025-07-02, 18:52