Хэдхэн хоногийн өмнө Нью-Йоркийн загварын долоо хоног албан ёсоор эхэллээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд загварын орднуудыг бүтээлч захирлуудын томилгоо, халаа сэлгээ олноор өрнөсөн ба загвар сонирхогч хэн бүхэн тэдний дараа улирлын дебютийг сэтгэл догдлон хүлээж байна. Ийнхүү энэ улиралд загварын ертөнц, мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй онцлох таван шоуны хуваарийг танилцуулъя.
Демна Гвасалия 2025 оны гуравдугаар сард Gucci-гийн бүтээлч захирлаар томилогдсон бөгөөд анхны La Famiglia цуглуулгаа өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулсан. Түүний бүрэн хэмжээний 2026 оны намар-өвлиийн загварын шоу нь энэ сарын 27-ны өдөр танилцуулагдах юм. Өмнө Gucci брэндэд ажиллаж байсан Том Фордын хийж бүтээсэн, Алессандро Микелегийн драматик уянгын хэтрүүлэгтэй байдал, Сабато де Сарногийн зөвхөн Gucci-гийн өнгө аясад шингээсэн минимализм мэдрэгдэх болов уу аль эсвэл цоо шинэ эрин Gucci-г хүлээж байгаа болов уу гэдгийг бид харах үлдлээ.
Өнгөрсөн намар Оливье Рустен Balmain загварын ордныг орхиж буйгаа зарласан нь олныг цочроосон билээ. Оливье Balmain-ийг шинэ түвшинд ахиулж Instagram хуудаснаа нэг сая дагагчтай болгосон гээд олон олон амжилтуудыг дурдаж болох билээ. Тэгвэл шинэхэн бүтээлч захирал болох Антонин чамгүй туршлагатай ба Антверпений Хатан хааны дүрслэх урлагийн сургуулийг төгсөж түүний даараачаар Louis Vuitton, Givenchy, Saint Laurent, Balenciaga брэндүүдэд ажиллаж өөрийн Atlein брэндийг үүсгэн байгуулаад амжжээ. Антонин Троны анхны дебют ирэх гуравдугаар сард товлогдоод байна.
Мария Грация Кьюри Christian Dior загварын ордонд есөн жил ажилласны эцэст өнгөрсөн оны тавдугаар сард бүтээлч захирлын албан тушаалаа орхиж буйгаа мэдэгдсэн. Харин удалгүй тэрээр анх дизайнерын замналаа эхлүүлж байсан Fendi-д эргэн ирсэн юм. Мария Грация өмнө нь тус брэндэд аксесуар хариуцсан дизайнераар ажиллаж байсан ба энэ жил Fendi-д сор болсон цүнхний загваруудыг танилцуулах нь гарцаагүй. Учир нь Мария Грация аксесуар, тэр дундаа цүнхэнд онцгой мэдрэмжтэй бөгөөд тэдгээрийг брэндийн нүүр царай болгож чаддаг билээ. Fendi Baguette, Dior Book Tote зэрэг загварууд нь түүний нэрийн хуудас билээ.
Олон нийтэд төдийлөн танигдаагүй ч салбарынхны анхаарлыг хэдийн татсан бельги дизайнер Мэрилл Рогге өнгөрсөн долоодугаар сард италийн Marni брэндийн бүтээлч захирлаар томилогдсон. Тэрээр 2025 оны ANDAM Fashion Awards-ын ялагч бөгөөд Marc Jacobs, Dries Van Noten зэрэг загварын орднуудад ажилласан туршлагатай. Түүний анхны дебют энэ сарын 26-ны өдөр толилуулагдана.
Proenza Schouler-ийг үүсгэн байгуулагч Жак Макколлоу, Лазаро Эрнандес нар ажлаа хүлээлгэн өгснөөр тус брэнд олон сар бүтээлч захиралгүй үйл ажиллагаа явуулсан билээ. Харин Нью-Йоркийн загварын долоо хоног эхлэхээс долоохон хоногийн өмнө Рэйчел Скотт бүтээлч захирлаар томилогдсоныг зарласан явдал олны анхаарлыг нэлээдгүй татаж байлаа. Тэрээр Marangoni институтийн төгсөгч бөгөөд өнгөрсөн есдүгээр сард анхны цуглуулгаа танилцуулсан бол энэ улиралд тэрээр намар-өвлийн загваруудаа танилцуулах гэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт