Уламжлал ба контемпорари хэв маягийн нэгдэл болсон Berluti-гийн шинэ цуглуулга

Крис Ван Аш хавар-зун 2020 цуглуулгаа танилцууллаа

Тансаг зэрэглэлийн арьсан эдлэл, эрэгтэй хувцас загвар үйлдвэрлэгч Berluti загварын ордны бүтээлч захирал Крис Ван Аш хавар-зун 2020 цуглуулгаа танилцууллаа. Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулагдсан энэхүү цуглуулга нь энэ улирлын хамгийн өндөр үнэлгээтэй цуглуулгын нэгээр нэрлэгдээд байна. Бельги гаралтай дизайнер Крис Ван Аш 2018 оны дөрөвдүгээр сард Berluti брэндийн дизайнераар томилогдсон ба энэ нь түүний брэндэд зориулсан хоёр дах цуглуулга юм. Сонирхуулахад дизайнер Крис Ван Аш өмнө нь Dior брэндийн эрэгтэй чиглэлийг 11 жилийн турш хариуцан ажилласан билээ.

Парис хотын дуурь бүжгийн театрт зохион байгуулагдсан уг шоуны үеэр тод өнгийн тэйлор хослолууд ба монохром төрхүүд, oversize загварын бомбер, арьсан хослол, мотоциклчны мэт өмд, олон өнгийн хээ угалз бүхий торгон сорочка, өдөн чимэглэлтэй цув зэрэг орчин үеийн хэв маяг болон Berluti загварын ордны түүхийг шингээсэн холимог төрхүүд тайзнаа гарсан юм. "Berluti үргэлж сонгодог, тансаг байх ёстой гэж бодохгүй байна. Энэхүү цуглуулга бол контемпорари хэв маяг болон уламжлал байдлын нэгдэл" хэмээн дизайнер цуглуулгын тухай ярьжээ.

Шинэ цуглуулгын хамгийн онцлох загвараар бүхэлдээ хадаасны таваар чимэглэгдсэн арьсан хүрэм тодроод байгаа бөгөөд дизайнер Крис Ван Аш Berluti брэндийн Феррера гэх урлангаар зочлохдоо ийм материал бүтээх сэдлийг авч байжээ. "Феррера урлан дахь гуталчид бүтээлээ урлах явцдаа хадаасыг уруулынхаа завсар зуусан байгаа нь сэтгэлд их тодоор үлдэж, хөшигний ард өрнөдөг чухал үйл явдал мэт санагдсан. Тиймээс уг дүр зургийг загваруудад шингээхийг хүслээ" хэмээн дизайнер материалын тухай тайлбарласан юм.

 

 

Buro.Mongolia

2019-06-25, 16:39