Загварын ертөнцөд шинэ нэр: Алдарт артист Стерлинг Рубигийн загварын брэнд

XXI зууны шилдэг артистаар нэрлэгддэг Стерлинг Руби S.R. Studio. LA. хэмээх брэндээ үүсгэн байгууллаа

Өнөө цагийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болох Стерлинг Руби S.R. Studio. LA. CA. хэмээх брэндээ үүсгэн байгуулж, Pitti Uomo дээр анхны загваруудаа танилцууллаа. Хар бараан уран зураг, хачирхалтай уран баримал, граффити уран бүтээлүүдээрээ танигдсан артист Стерлинг Рубиг The New York Times сэтгүүл энэ зууны хамгийн өвөрмөц уран бүтээлч хэмээн тодотгосон байдаг. Сонирхуулж хэлэхэд тэрээр загварын салбарын хэд хэдэн алдартай дизайнеруудтай хамтарч ажилласан туршлагатай ба Раф Cимонсын сайн хамтрагч төдийгүй түүний хайртай уран бүтээлчийн нэгээр нэрлэгддэг юм.

Флоренц хотноо зохион байгуулагдсан түүний анхны шоунд алдартай загварын редакторууд, шүүмжлэгчид уригдан очсон ба тэд дуу нэгтэйгээр "Хамгийн гайхалтай дебют шоуны нэг байлаа" хэмээн магтжээ.

S.R. Studio. LA. CA. брэндийн анхны цуглуулгад Стерлинг Рубигийн урлагийн бүтээлүүдэд ажиглагддаг өнгө будаг холилдсон дүр зураг, tie-dye эффект голчлон харагдсан ба Раф Симонсын ашигладаг силуэтүүд, Рик Оуэнсийн примитивист хэв маягтай загварууд багтжээ. Хавар-зун 2020 цуглуулгын зарим загварууд танилцуулагдсан даруйдаа худалдаанд гарахаар болсон бол зарим нь маш цөөн тоотойгоор ойрын ирээдүйд худалдаанд гарахаар болжээ.

 

 

Buro.Mongolia

2019-06-17, 16:33