2026 оны Met Gala ёслолын хувцасны код албан ёсоор зарлагдлаа

Дэлхийн хамгийн нэр хүндтэй улаан хивсний арга хэмжээ болох Met Gala 2026-ийн дресс код албан ёсоор зарлагдлаа. Уламжлал ёсоор Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд зохион байгуулагдах тус үдэшлэг энэ жил “Fashion Is Art” буюу “Загвар бол урлаг” уриа дор явагдах юм.

2026 оны Met Gala нь “Costume Art” буюу “Хувцасны урлаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, үзэсгэлэн нь музейн шинээр нээгдэх 1100 м.кв талбай бүхий Condé M. Nast Galleries танхимд дэлгэгдэхээр болжээ. Энэхүү үзэсгэлэнгээр хувцас ба хүний биеийн хоорондын гүн гүнзгий харилцааг түүхэн болон уран сайхны өнцгөөс харуулахыг зорьж байна.

Ингэснээр улаан хивсний зочид хувцасныхаа загвар, хэлбэр, бүтэц, элемент бүрийг уран зураг, баримал болон концепцийн урлагаас сэдэл авч тайлбарлан илэрхийлэх боломжтой болж буй. Түүнчлэн бие махбод ба загварын харилцааг уран сэтгэмжээр дүрслэх, урлагийн түүхэн хэв маяг болон домогт дизайнеруудын бүтээлээс санаа авч өргөн хүрээнд сэтгэж хийхийг уриалжээ.

Энэ жилийн ёслолд Бейонсе, Николь Кидман, Винус Уильямс, Анна Винтур нарын хамт Doja Cat, Сэм Смит, Эйми Маллинс, Зои Кравиц, Сабрина Карпентер, Элизабет Дебики болон олон уран бүтээлч, одод оролцохоор нэрс нь зарлагдсан байна. Мөн Жефф Безос болон Лорен Санчес Безос нар тус арга хэмжээ, үзэсгэлэнг ивээн тэтгэгчээр дэмжин оролцох аж.

Met Gala 2026 ёслол энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдана.

Э.Цовоо

2026-02-24, 16:45