40-өөс дээш насны моделиуд Zara-гийн шинэ каталогийн зураг авалтад оролцлоо

Timeless нэртэй шинэ цуглуулга

Zara брэндийн вебсайт дээр саяхан Timeless буюу "Цаг үе үл хамаарсан" нэртэй шинэ цуглуулгын каталогийн зургууд тавигдлаа. Хэзээ ч хуучрахгүй, мөнхийн загварлаг энэхүү цуглуулгад зориулж брэндийн хамт олон энгийн эсгүүртэй хувцаснууд урлаж, нүүр царайгаар нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг сонгожээ. Тухайлбал шинэ цуглуулгын хар ба цайвар бор өнгийн пальтонууд болон хөвсгөр свитер цамцыг өдгөө 40 настай Польшийн загвар өмсөгч Малгосия Бела өмсөн амилууллаа.

«Залуу насандаа би өөртөө итгэлгүй байсан. 10 эсвэл 20-иод жилийн өмнөхтэй харьцуулбал одоо би өөртөө хамаагүй илүү таалагддаг. Нас ахих тусам хүн өөртөө итгэлтэй болдог юм байна. Энэ нь надад маш их таалагдаж байгаа» хэмээн Бела Zara брэндийн шинэ төслийн үндсэн санааг тайлбарлажээ.

Timeless цуглуулгад бойфренд загварын жийнсэн өмд, свитер цамц, oversize хослол гэх зэрэг сул эсгүүртэй, өдөр тутмын хувцаснууд болон савхин туник, улаан даашинз ба маргад ногоон өнгийн түрийтэй гутал гэх зэрэг цөөн хэдэн зоригтой загварууд багтжээ.

Buro.Mongolia

2017-09-01, 16:00