Алтан Бөмбөрцөг 2026 наадмын хамгийн онцгой даашинзуудаар гоёсон бүсгүйчүүд

2026 оны Алтан Бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалт олны анхаарлыг багагүй татаад байна. Тусгайлан урласан загварын ордны даашинзаар дэлгэцийн бүтээлд өөрийн дүрийг мөнхөлсөн бүсгүйчүүд хэрхэн гоёх вэ гэдэг асуулт магад хэн бүхний дурладаг сэдэв болой. Энэ удаад Жулиа Робертс, Лиса, Селена Гомез тэргүүтэй ихэнх алдартай одууд хар өнгийн даашинзаар гоёсон бөгөөд Dior, Louis Vuitton болон Balenciaga загварын ордны бүтээлүүдийг олон жүжигчид сонгон энэ үдшийг чимлээ.

Улаан хивсний ёслол гэдэг нэг талаараа хүндэтгэлийн арга хэмжээ байдаг бол нөгөөтээгүүр тухайн зочин өөрийгөө бусдад таниулах онцгой мөч, тэмдэглэлт явдал байдаг. Кино урлагийн шагнал гардуулах ёслолд хувцаслалтын тухай албан ёсны хатуу дүрэм байдаггүй ч хар цагаан киноны үеэс эхтэй домогт жүжигчин бүсгүйчүүд улаан хивсний гоёлын бичигдээгүй дэг жаягийг аль хэдийн тогтоож чадсан. Тэр нь мэдээж глэм хэв маяг, үдшийн даашинзны төгс сонголт хийх явдал байдаг.  Ийм учраас гайхамшигт үдэш хэн хамгийн гоёмсог, хэн хамгийн дур булаам харагдсан бэ гэдгийг онцлон ярих нь зүй ёсны хэрэг. Ингээд тус наадмын нүд хужирлам үдшийг гоёсон бүсгүйчүүдтэй танилцацгаая.


Жүжигчин Эмма Стоун

Өдгөө хоёр Оскар болон хоёр Алтан Бөмбөрцгийн эзэн Эмма Стоун энэ жил Bugonia киноны гол дүрээрээ өрсөлдсөн билээ. Кино шүүмжлэгчдээс чамгүй сайшаал хүртсэн тэрээр хувцас загарын салбарт нөлөө бүхий эмэгтэй гэдгээ удаа дараа ч нотоллоо. Эмма аливаа ёслол, арга хэмжээнд оролцохдоо цулгуй өнгийн даашинзыг онцгойлон сонгодог. Олон өнгөний хурц хослол бус, нэг өнгийн минимал шийдлийг баримталдаг тэрээр хувцаслалтаараа өөрийгөө дөвийлгөхөөс илүүтэй, өөрийн төрх, жүжигчний чансаа, дотоод итгэлийг илэрхийлж чаддаг нь түүний хувцаслах хэв маягийн гол онцлог билээ.

Louis Vuitton

Дуучин, жүжигчин Лиса

Богино чёлка түүнийг үргэлж өхөөрдөм атлаа сахилгагүй харагдуулдаг бөгөөд тэрээр энэ удаа үсээ гүн бор өнгөөр буджээ. Jacquemus брэндийн урт ханцуйтай, зарим хэсгээрээ нэвт харагдах хар даашинзаар гоёсон нь тус оройн бас нэгэн анхаарал хандуулах сэдэв байлаа. Даашинз бүхэлдээ хар учир бүсгүй энэ удаа энгэрийн зүүлт, нүүр будалтдаа онцгой анхаарсан нь илт ажиглагдав. Түүний нүүр будалтын артист хацрыг ягаандуу туяагаар тодруулж, гялалзсан ягаан уруулаар илүү зөөлөн, ялдам нүүр будалт хийсэн бол маникюр артист Хуан Алвеар алтлаг өнгийн будалт хийсэн нь энгэрийн зүүлттэй нь төгс зохицож байлаа. Эдгээр өнгөний үл ялиг хэтрүүлэг нь Лиcагийн бүхэлдээ хар өнгөөр бүрдсэн төрхөд яг тохирсон гүйцэтгэл болжээ.

Jacquemus

Жүжигчин Эль Фэннинг

Бид төдийлөн сайн анзаардаггүй байж болох ч үнэн хэрэгтээ улаан хивсний ёслолуудад хамгийн сайхан даашинзаар гоёдог залуу жүжигчин бол Эль Фэннинг юм. Эль Фэннинг аливаа кино наадмуудад хүрэлцэн ирэхдээ ихэвчлэн хуучин үеийн Холливүүдийн романтик, галбир тодотгосон даашинзнуудаар гоёдог. Тэрээр тренд хөөцөлдөхөөс илүүтэй өөрийн биед зохисон “мөнхийн классик” төрхийг бүтээдэг билээ. Тиймдээ ч түүний жил бүрийн Алтан Бөмбөрцөг наадамд зориулж өмсдөг даашинз бүр тухайн жилийн загварын ярианы салшгүй нэг хэсэг болж чаддаг юм.

Gucci

Жүжигчин Аманда Сайфрид

Стилист Элизабет Стюарт түүний хувцаслах хэв маягийг 1950-иад оны Холливүүдийн глэм хэв маягийг орчин үеийн детальтай хослуулан тусгайлан урласан Versace загварын ордны даашинз сонгоход нь хөтөлжээ. Түүний даашинзыг улам илүү амилуулсан зүйл бол гурвалжин хэлбэртэй, шар алт болон очир эрдэнээр чимэглэсэн Tiffany & Co.-ийн хүзүүний зүүлт байлаа. Харин Versace ордны бүтээлч багийнхан уг даашинзыг урлахад 400 гаруй цаг зарцуулснаа дурджээ. Сайтар ажвал түүний биеийн галбирт тааруулж даашинзны хуниас бүрийг нарийн тааруулан бүтээсэн ба бүсгүй тэр оройн хамгийн тансаг даашинзаар гоёсон бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтжээ.

Versace

Жүжигчин Жесси Бакли

Hamnet киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан, British Vogue сэтгүүлийн 2026 оны хоёрдугаар сарын дугаарыг чимсэн Жесси Бакли тус орой Dior загварын ордны мөргүй, асимметрик унжилттай, цайвар цэнхэр өнгийн торгон даашинзаар гоёжээ. Торго, тэр дундаа хүр хорхойн цэвэр торго нь орчин үеийн загварын тайзнаа төдийлөн давамгайлдаггүй материал хэдий ч дизайнер Жонатан Андерсоны түүнд зориулан тусгайлан урласан энэхүү даашинз нь Баклигийн хувьд энгийн нэгэн сонголт байгаагүйг илтгэнэ. Энэхүү төрхөөрөө тэрээр Dior загварын ордны гоо зүйг олон жилийн турш биширч ирснээ илэрхийлсэн төдийгүй, 2026 оны Алтан Бөмбөрцөг наадмын улаан хивсний хамгийн дурсамжтай “fashion moment”-уудын нэг болж чадлаа.

Dior

Ж.Булган

2026-01-13, 17:12