Chanel брэнд рэппер, продюсер, загварын соёлын гол дүрүүдийн нэг A$AP Rocky-г шинэ элч, төлөөлөгчөөрөө томилсноо зарлалаа. Энэхүү мэдээллийг брэндийн бүтээлч захирал Матье Блази өөрийн Instagram сторигоор олон нийтэд хүргэсэн нь загварын ертөнцөд хүчтэй хүлээлт үүсгээд байна.
A$AP Rocky-ийн томилгоо нь тэдний олон жилийн уран бүтээлийн харилцааны үргэлжлэл гэж хэлж болно. Матье Блази Bottega Veneta-гийн бүтээлч захирал байх хугацаандаа Rocky-гийн streetwear хэв маягийг тансаг минималист загварын хэлээр, шинэ өнцгөөр тайлбарлаж, түүнийг брэндийн кампанит ажил, шоу бүрд онцлон урьдаг байсан. Тухайн үед Матье Блази түүнийг өөрийн гол онгод, уран бүтээлийн түлхүүр дүрүүдийн нэг хэмээн тодорхойлж байсан нь хэвлэлийн дунд ч анхаарал татаж байв. Мөн рэппер залуугийн стиль, түүнийг илэрхийлдэг хэмнэлтэй, хүчтэй энерги нь Матье Блазигийн бодит амьдрал, гар урлалыг хослуулсан дизайны философитой гайхалтай нийцдэг билээ.
Chanel-ийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд “A$AP Rocky-гийн дундаршгүй авьяас, сониуч зан, хязгааргүй бүтээлч чанар биднийг гүн татсан. Тэр бол Chanel-ийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлох чухал төлөөлөл” хэмээн онцолсон бол Матье Блази “Тэрээр хийж буй бүх зүйлдээ чин сэтгэлээ зориулдаг. Тэр бол хөгжимчин, жүжигчин, сайн аав, найз бас маш хүнлэг, олон талт уран бүтээлч нэгэн. Түүнтэй дахин хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэж дурджээ.
Мөн энэхүү үйл явдал нь хип-хоп соёл болон тансаг загварын огтлолцлыг бодитоор илэрхийлсэн том алхам болж буй бөгөөд Chanel-ийн өв уламжлал, намуухан тансаг хэв маягийг залуу үеийн соёл, креатив энерги рүү илүү ойртуулах стратегийн ач холбогдолтой үйл явдал гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт