Эмэгтэй хүний биеийн харьцаа анхнаасаа л 90-60-90 гэсэн шалгуураар хэмжигдэж байсан гэвэл эндүүрэл юм. Эмэгтэй хүний гоо сайхан, бие галбирыг улс үндэстэн өөрсдийнхөөрөө тодорхойлсоор ирсэн байдаг. Түүх сөхвөл зарим үндэстэн жин ихтэй эмэгтэйг сайхан гэх тодотголд багтаан авч үздэг байсан бол эмэгтэй хүн урт хүзүүтэй байвал хамгийн төгс хэмээн үздэг улс ч бий. Дундад зуунд Европт үл ялиг гэдсээрээ мяраалаг бүсгүйчүүд таашаагддаг байсан бол Хятад улс жижигхэн хөлтэй эмэгтэйг илүүд үздэг байжээ.
Загварын ертөнц хөгжихдөө эмэгтэйчүүдийн бие галбирт их хатуу шаардлага тавьж байсан үе байдаг ч өнөөдөр харин ямар ч насны, ямар ч галбиртай бүсгүйчүүд загварын тайзнаа алхах нь энгийн үзэгдэл болжээ. Загварын шоунд зөвхөн Наоми Кемпбэллаас өөр өнгөт арьстай загвар өмсөгч гардаггүй байсан үе өнгөрч дэлхийн хувцас загварын зах зээлд олон өөр гарал угсаатай загвар өмсөгч нар хүч түрэн орж ирсэн. Энэ дундаас хамгийн онцлог сэдэв бол африк гаралтай загвар өмсөгч нарын байр суурь улам илүү эрчээ авсан он жилүүдийг дурдаж болно. Нарийн тайлбарлавал өөрийн улс үндэстнийхээ гоо сайхныг дөвийлгөсөн африк гаралтай “халзан эсвэл богино үстэй” моделиуд 2000 оны эхэн үеийг чимж эхэлсэн билээ. Наоми, Жизель, Кейт Моссыг бид мэдэх ч энэ үед бас нэгэн модель хүч түрж байсан нь Алек Вэк юм. Бараг л загварын шоуны үеэр ганцаараа үсгүй гарч ирсэн түүний гоо үзэсгэлэнг салбарынхан ихэд сониучирхаж, загварын сэтгүүл хэт их онцолсноос болж тэр чигтэй африк эмэгтэйчүүдийн соёл бол тэд бүгд үсээ хусдаг байсан гэх ташаа цуурхал ч гарч байжээ.
Харин 2025 оны хувцас загварын шоунуудад африк гаралтай тэр дундаа халзан загвар өмсөгчид эргэн ирж тэр ч бүү хэл яг одоо хамгийн өндөр үнэлгээтэй байгаа Анок Яай хэмээх моделийг Yves Saint Laurent брэнд шоундаа урихдаа “Та үсээ хусаж болох уу” гэж асуухад тэрээр зөвшөөрчээ. Үүгээр энэ жилийн хамгийн халуухан африк гаралтай загвар өмсөгч нарыг онцолж байна. Богино халимаг тайралттай үс эсвэл үсээ тэр чигт нь хуссан бүсгүйд ч гоо сайхан байдаг нь үнэн бөгөөд өнгөт арьст бүсгүйчүүдэд хамгийн ихээр зохидог билээ. Дан ганц загварын шоунд оролцох бус хамгийн эхний гарааны моделиор сонгогдож, дэлхийн алдартай брэндүүдийн нүсэр том шоуны хаалтыг хийж, хамгийн онцгой хийцийн бүтээлүүдийг тэд өмссөн жил боллоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт