Энэ улирлын онцлох брэнд хамтралууд

Zara брэнд өөрсдийн өнгө төрхийг илүү бүтээлч хэлбэрээр шинэчлэн, залуу шинэ үетэй хөл нийлүүлэн алхахдаа алдартнуудтай хамтран сонирхолтой загварууд танилцуулж эхэллээ. Сонгодог загвараар танигдсан Manolo Blahnik брэнд хамгийн төсөөлөмгүй гэж хэлж болохоор Balenciaga брэндтэй хамтарсан шинэ коллекц мөн танилцууллаа. Энэ мэт загварын ертөнцөд өдөр бүр брэндүүдийн хамтрал, шинэчилсэн хувилбарууд танилцуулагдсаар байна.

Үнэт зүйлээ дахин танилцуулж, бүтээлч сэтгэлгээг чухалчлан онцолсон энэ сард танилцуулагдаад буй хамтралууд дундаас таван брэндүүдийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.


JENNIE X VASELINE

Хамтарсан брэнд болгоныг дэлхий дахинаа тренд болгож чаддаг Blackpink хамтлагийн гишүүн Жэнни энэ удаа Vaseline брэндтэй ажиллажээ. Энэ оны тавдугаар сард нээлтээ хийсэн уг хамтрал нь гоо сайхны салбарт ид хүчээ авч буй арьсыг энгийн хэр нь эрүүлээр арчлах тренд дээр суурилан минимал хэв маягтайгаар бүтсэн байна. Уг кампанит ажил нь Vaseline-ийг ердийн нэг эмийн сангийн хямд бүтээгдэхүүн гэх ойлголтоос ангижруулж, хүн бүрд хүртээмжтэй бөгөөд өндөр үр дүнтэй биеийн арчилгааны шийдэл гэх байр суурийг тодотгож байв.

Vaseline x JENNIE

Энэхүү хамтралын хүрээнд Жэнни Vaseline брэндийн "Gluta-Hya" болон "Pro Derma" биеийн арчилгааны цуглуулгуудын сурталчилгаанд нүүр царай болох бөгөөд өөрийн арьс арчилгааны сонголт, дадал зуршлаасаа давхар хуваалцах юм. Брэндийн мэдээлснээр, уг түншлэл нь Жэннигийн хөгжим, загвар, гоо сайхны салбар дахь дэлхийн хэмжээний нөлөөллийн хамт биеийн арчилгааг орчин үеийн гоо сайхан, эрүүл мэндийн хэлэлцүүлгийн салшгүй хэсэг болгон тодотгох зорилготой ажээ.

Vaseline
Vaseline

BALENCIAGA X MANOLO BLAHNIK

Алдарт Sex and the City киноны гол дүр Кэрри Брэдшоу “Би өөрөө өөртэйгөө гэрлэх гэж буй бөгөөд бүртгэлээ Manolo Blahnik-т хийлгэх гэж буйгаа дуулгахад таатай байна” хэмээн хошигнодог бол Кэррид заавал худалдаж авахаар дахин нэг загвар бүтжээ. Энэ удаа энгийн загвар биш, Manolo Blahnik болон Balenciaga брэндийн хамтарсан загварууд танилцуулагдлаа. Уг бүтээлч хамтрал нь Balenciaga брэндийн 2026 оны намрын "Body and Being" цуглуулгын гол цөм болж, сонгогдсон цөөн хэдэн брэндийн дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаалагдаж эхлээд байна. Хоёр туйл буюу магад хамгийн сонгодог хэмээн үнэлэгддэг брэнд, эсрэгээрээ сонгодог бүхнийг эвдэж шинэ хэв маяг руу тэмүүлэх брэндтэй хамтарсан шалтгааныг Balenciaga брэндийн Бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли тайлбарлахдаа "Хамтарсан шалтгаан нь их энгийн. Би зүгээр л энэ брэндэд хайртай, тэгээд л болоо" хэмээн хариулжээ.

Гутлын дотор талыг бүхэлд нь Balenciaga-гийн нэрийн хуудас болсон бүдэг саарал өнгийн арьсаар доторлож, торгон сатин дээр брэндүүдийн нэрийг хамтад нь хатгасан шошгыг байрлуулжээ. Найруулагч Сэм Левинсонтой хамтран бүтээсэн каталог зураг авалт дээр эдгээр чамин, болор шигтгээт өсгийтүүдийг нэг талаас хөвсгөр, нүсэр кутюр даашинзнуудтай, нөгөө талаас өдөр тутмын спортлог хувцаснуудтай зориуд хослуулан өмсүүлсэн нь аргагүй Balenciaga брэндийн бүтээлч зураг авалт хэмээн танигдаж байв.


JUNGKOOK X CALVIN KLEIN

Нэр нь дурдагдах тоолонд салбар бүртээ амжилт дагуулах BTS хамтлагийн гишүүдээс дахин нэг хамтрал цацагдлаа. Энэ удаа зөвхөн брэндийн нүүр царай болоод зогсохгүй BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндтэй хамтран анхны "CKJK" капсул цуглуулга дээр туслах дизайнераар ажиллажээ.

Эл хамтралын хамгийн гол онцлог нь брэндийн уламжлалт минималист хэв маягийг Жонгүгийн хувийн амьдралын хэв маягийг тусгасан, илүү зоримог бөгөөд рок дүр төрх бүхий biker meets streetwear хэв загварлуу өөрчилж чадсанд оршино. Цуглуулгын гол цөм болсон савхин хүрэм болон цайруулалттай хүрэн өнгийн денимээс гадна брэндийн бэлгэ тэмдэг болсон дотуур хувцас, өдөр тутмын загваруудыг илүү дотно, хувийн өнгө аястайгаар шинэчилжээ. Тодруулбал, загварууд дээр брэндийн хамтралыг онцолсон "CKJK" логог байрлуулснаас гадна Жонгүгийн гар дээрх шивээснүүдээс сэдэвлэсэн график элементүүдийг цамцан дээр хэвлэсэн нь Сalvin Klein брэндийн амин сүнсийг Жонгүгийн шүтэн бишрэгчидтэй холбосон онцгой шийдэл болсон байв.

Энэхүү цуглуулга нь мөн юнисекс загваруудаас бүрдэх бөгөөд өдөр тутмын хэрэглээний энгийн хувцаснаас эхлээд гадуур хувцас хүртэлх өргөн сонголттойгоор дэлхийн томоохон хотуудын поп-ап дэлгүүрүүдээр албан ёсоор борлуулагдаад байна.

The Rebel Rides | Jung Kook for Calvin Klein

BAD BUNNY X ZARA

2026 оны тавдугаар сарын 21-нд дэлхий даяар нээлтээ хийсэн уг хамтрал нь 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Энэхүү нүсэр капсул цуглуулга нь уран бүтээлчийн албан ёсны нэр болох "Бенито Антонио" хэмээн нэрлэгдэж буй. Бэд Баннигийн олон жилийн хамтрагч, бүтээлч захирал Жэнтони Оливерастай хамтран бүтээсэн энэхүү юнисекс цуглуулга нь уран бүтээлчийн хувийн түүхийг өгүүлнэ. Түүний Пуэрто Рикод өсөж торнисон дурсамжаас эхлээд өнөөдөр дэлхийн хэмжээний алдартан болж, улаан хивсний ёслол, загварын шоуны тэргүүн эгнээний гол дүр болон хувирсан хувьслыг тодруулж өгчээ.

ZARA X BENITO ANTONIO

Зузаан материалтай малгайтай цамц, ажлын өмднөөс эхлээд сүүлд гаргаад буй "NUEVAYoL" гэх альбомны нэрийг хатгамлаар оёсон бейсболлын малгай зэрэг гудамжны чөлөөт хэв маяг эл цуглуулганд зонхилно. Мөн итали ноосон материалаар хийсэн хослол, хүрэм болон урт цувнуудыг багтаасан нь өргөн сонголттой болохыг нь илтгэнэ.

Торгон цамц болон график хэвлэлтэй цамцнууд дээрх хээг анзаарч харвал тэдгээр нь уран бүтээлчийн хувийн поларойд зургуудын коллаж болгон оруулжээ. Хувийн тэмдэглэл буюу дуу бичлэгийн студид гараар бичсэн дууны үгсийг мөн оруулсан нь зөвхөн хамтрал гэхээс илүү уран бүтээлчийн мерчийг авсан мэт дотно мэдрэмж төрүүлж байв.


A$AP ROCKY x PUMA

Энэ онд Нью-Йоркийн загварын долоо хоногт танилцуулагдсан A$AP ROCKY болон PUMA хамтарсан "Mostro 3.D Mule" загвар албан ёсоор худалдаанд гарлаа.

Puma x F1 түншлэлийн ерөнхий бүтээлч захирлын үүргийг гүйцэтгэж буй A$AP Rocky спортын хувцасны хэвшмэл ойлголтыг эвдэж, industrial загварын ертөнцтэй холбосон цуглуулгаа танилцуулав. 2026 оны тавдугаар сард дэлхийн томоохон хотуудад нээлтээ хийсэн уг цуглуулга нь Puma брэндийн түүхэн дэх хамгийн өвөрмөц, хүмүүсийн дунд маргаан дагуулж байсан 1999 оны "Mostro" загварыг бүрэн шинэчилжээ. A$AP Rocky өөрийн нэрийн хуудас болсон ghetto gothic болон авто спортын хувцасны хэв маягийг уг цуглуулгад шингээсэн нь сонирхолтой байв. Ингэснээр брэндийн имижийг илүү түрэмгий, зоримог, туршилтын шинжтэй загвар руу чиглүүлсэн байна.

Mostro Mule хэмээх уг загварын нэр нь италиар "мангас" гэсэн утгатай аж. Нэрдээ бүрэн нийцсэн гэлтэй энэхүү mule хурц, уран баримлын мэт өргөснүүдтэй, өвөрмөц хэлбэр дүрстэй танилцуулагдсан нь хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаад байна. Мөн уламжлалт нимгэн элдсэн арьс, синтетик тор биш үслэг элемент болон могойн хальсыг багтааж өгсөн пүүз мөн дутахааргүй анхаарал татаж байлаа.

М. Анухатан

2026-06-02, 11:53