Хэрэв та урьд өмнө огт сонгож байгаагүй брэндээ авах гэж байгаа бол түр азнаад дахин нэг харьцуулж харахыг хүсье. Олон зууныг дамнасан загварын орднууд хувцас загварын түүхийг бичилцэхдээ өөрсдийн дахин давтагдашгүй сор загваруудаа танилцуулж, тэдгээр нь олон жил загварын тайзнаас огт улиралгүй явсаар өдий хүрсэн байдаг. Жианни Версачэ хүүхэд байхдаа аавыгаа тосох гээд ээжтэйгээ хөтлөлцөн хотынхоо нарийн гудмаар алхаж явахдаа гудамжинд алжаах бүсгүйчүүдийн хувцаслалтыг ихэд сонирхдог байжээ. Түүний сэдлийг хамгийн их татсан зүйл бол уушны газрын эмэгтэйчүүд даашинзны хормойгоо хайчлан гуя хүртлээ оноо тавьсан байгааг хараад магад эмэгтэй хүнийг юу тэгж тачаангуй харагдуулдаг талаар бяцхан судалгаа хийжээ. Тэр л дүр зургийг нүдэндээ буулгасан Жианни хожмоо мянга мянган өндөр оноотой даашинзнуудыг урласан нь тус брэндийн нэрийн хуудас болж, тус загварын ордны үндсэн эсгүүрүүдийн нэг болжээ. Энэ мэтчилэн дэлхийн алдартай загварын орднууд өөрсдийн гэсэн бусдаас ялгарах үл хуучрах загваруудтай байдаг билээ. Харин та яг одоо өөрийн хувцасны шүүгээндээ шинэ брэндийн хувцас сонгож, түүнийгээ бусад хувцаснуудтайгаа зохицуулж өмсөх гэж байгаа бол анхаараарай. Юуны түрүүнд та тухайн брэндийнхээ нэрийн хуудас болсон загварыг нэн түрүүнд сонгохыг зөвлөж байна.
Цэцгэн хээг өөрсдийн бүтээл туурвих үзэлтэйгээ нягт холбосон загварын ордон бол Dolce & Gabbana. Мэдээж цэцгэн хатгамал, цэцгэн хээг дэлхийн дийлэнх брэндүүд жил бүр онцолдог ч Dolce & Gabbana хамгийн содон загваруудыг бидэнд танилцуулдаг билээ. Хэрэв энэ зун цэцгэн хээтэй даашинз өөртөө худалдаж авах гэж байгаа бол Dolce & Gabbana-г сонгоорой. Бусад брэндүүдээс ялгатай гол онцлог нь тэд цэцгэн хээг илүү том, зоригтойгоор бүтээсэн байдаг.
Твид хүрмийн олон зуун эсгүүрийг Chanel загварын ордон үлгэрлэсэн байдаг. Мөн энэ бол тэдний мөнхийн нэрийн хуудас гэж хэлж болно. Бусад брэндүүдээс ялгардаг нь олон цагийн гар ажиллагаа хийгээд дээд зэрэглэлийн утас, чимэг сүлжээс, өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцсэн халаас, брэндийн логотой товч зэрэг олон чамин зүйлсийг нэр дор багтаадаг. Коко Шанель 1920-иод Шотландын ноосон твид материалыг биед эвтэйхэн, эмэгтэйлэг хэр нь ухаалаг хэв маягтай хүрэм болгон хувиргасан. Эл түүх одоо ч дахин загварчлагдан танилцуулагдсаар байна. Эрэгтэйчүүдийн твид хүрэм эмэгтэй загвар луу ийн буулгасан түүх ганцхан Кокогийх билээ. Өдгөө тус загварыг дэлхийн олон брэндүүд өөрсдийнхөөрөө загварчилсан байдаг. Харин та твид сонгох гэж байгаа бол Chanel, Chanel бас дахин Chanel.
1990 оны америкийн хувцас загварыг Ralph Lauren, Giorgio Armani, Gucci, Tommy Hilfiger-гүйгээр төсөөлшгүй. Харин тухайн үед Кейт Мосс Calvin Klein-ийн минималист slip даашинзыг өмссөнөөр тус даашинз нь жинхэнэ загварын тренд болж чадсан юм. Хэзээд хувцас загварын улирдаггүй сэдэв болох пансан даашинзыг та сонгох гэж байгаа бол Calvin Klein-ийг сонгоорой. Тус брэнд л ганцаараа энэхүү трендийг эхлүүлсэн түүхтэй.
Анх практик зориулалтаар бүтээгдсэн энэ загвар нь цаг хугацааны явцад стиль, өөртөө итгэлтэй байдлын бэлгэдэл болж хувирчээ. Энгийн атлаа нүүрний ямар ч хэлбэрт төгс сууж, янз бүрийн хувцаслалттай зохицож, үе үеийн загварын чиг хандлагатай нийцсээр ирсэн загвар бол Ray-Ban Aviator юм. Олон олон брэндүүд өөрсдийн авиатор шилийг гаргадаг ч анх тус шилийг бүтээсэн Ray-Ban брэнд гэдгийг та санаарай.
Үргэлжлэл бий...
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт