Vogue-ийн ирээдүйг тодорхойлж буй Клое Малль гэж хэн бэ?

2025 оны есдүгээр сард Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын оронд буюу албан тушаал нь арай өөрөөр нэрлэгдэн "контентын албаны даргаар" томилогдсноороо загварынхны анхааралд өртөөд байсан Клое Франсуаз Малль нь дөнгөж сая өөрийн нэр доор гаргаж буй анхны Vogue сэтгүүлийн нүүрээ танилцуулаад байна. Тэгвэл Клое Франсуаз Малль гэж яг хэн бэ? 


Клое Франсуаз Малль 1985 оны арваннэгдүгээр сарын 8-нд төрсөн америкийн сэтгүүлч, редактор бөгөөд өнөө цагийн загварын медиа ертөнцөд нөлөө бүхий болоод буй шинэ үеийн удирдагчдын нэг юм. Тэрээр америк жүжигчин ээж, франц кино найруулагч аавын гэр бүлд төрж өссөн ба Клое Brown University-д суралцах хугацаандаа сургуулийнхаа сонинд ажиллаж, сэтгүүл зүйн салбарт хөл тавьжээ. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа New York Observer сонинд үл хөдлөх хөрөнгийн сэтгүүлчээр эхлүүлсэн байна. Мөн давхар тэрээр Architectural Digest, Marie Claire, The New York Times Style Magazine, The Wall Street Journal, Vogue, WSJ Magazine зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд чөлөөт нийтлэл бичиж байв. Үүнээс нэг их удалгүй Vogue дээр зарлагдсан "нийгмийн сүлжээний сэтгүүлч" гэдэг ажлын зар түүний анхаарлыг татаж, улмаар 2011 оноос америкийн Vogue сэтгүүлд ажиллаж эхэлжээ. Vogue-д 15 жил тууштай ажиллах хугацаандаа тэрээр vogue.com буюу vogue-ийн онлайн контентыг хариуцан, The Run-Through with Vogue подкастыг хөтлөн, давхар сэтгүүлийн зураг авалт гэх мэт сэтгүүлийн олон ажлыг хариуцсаар иржээ. 


Ийнхүү тэрээр Анна Винтурын оронд томилогдсныхоо дараа Vogue сэтгүүлийг сар бүр биш харин улирал бүр гаргахаа зарлаж байсан юм. Шинэ дугаар зөвхөн "хавар" хэмээн нэрлэгджээ. Энэ нь сар бүр гарч байсан тус сэтгүүлийн хувьд том өөрчлөлтийг авч ирж байна. Өдөр бүр онлайнаар шинэ мэдээлэл маш хурдтай тархаж байгаа энэ дижитал үетэй хөл нийлүүлэх нь мэдээж зүй ёсны хэрэг.  

The New York Times-д өгсөн Анна Винтур болон Клое Малль нарын ярилцлагаас харахад Анна Винтур түүнийг “Клое загвар мэддэг ч хэт дуртай биш. Тэр бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх болно. Хүмүүс түүнийг хэн нэгэнтэй бүү харьцуулаасай. Клое бол маш сайн редактор” хэмээн онцоллоо.


Мөн Клое Today with Jenna & Sheinelle телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Би энэ албан тушаалд маш их өрсөлдөөн дундаас сонгогдсон, Vogue-ийг дараагийн шинэ эринд аваачихын тулд юу хийх вэ гэдэг төлөвлөгөөгөө хэд хэдэн удаа танилцуулсан” хэмээн үргэлжлүүлэн “Түүнчлэн би Анна Винтурын Masterclass-ийн үгийг бичиж байсан” гэдгээ ч онцлоод авжээ. Түүнийг Vogue-ын контентын албаны даргаар томилогдсон даруйд шүүмжлэгчид "Мэдээж nepo baby л энэ том албан тушаалд томилогдоно" гэж хатуухан шүүмжилж, одоо ч энэ талаарх яриа олны дунд яригдсаар байгаа юм. Клое үүнд “Би nepo baby гэдгээсээ ичдэггүй, харин ч аав, ээжээрээ маш их бахархдаг” гэж байв. Түүнийг ажлынхан нь хэт их ажилладаг хэмээн тодорхойлсон бол зарим хэвлэл түүнийг ‘ажлын морь’ гэж хочилжээ.


Клоеын анхны эрхлэн гаргасан Vogue сэтгүүлийн хаврын дугаар хоёрдугаар сарын 24-нд албан ёсоор худалдаанд гарах аж. Тус дугаарын нүүрийг Испанийн дуучин Rosalía чимжээ. 

Ө.Содгэрэл

2026-02-13, 11:13