Парисын эрэгтэй загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

2026 оны хавар-зун улирлын эрэгтэй загварын долоо хоног Парис хотноо болж өнгөрлөө. Энэ хугацаанд Парисын гудамжнууд зүгээр нэг хот биш, харин амьд загварын тайз болон хувирчээ.

Дэлхийн шилдэг дизайнерууд, алдартнууд болон орон нутгийн загварлаг залуус Парисыг чимж, хотын уур амьсгалыг загварын өвөрмөц хэлээр амилуулсан байна. Энэхүү долоо хоногийг Saint Laurent ордон сүр жавхлантайгаар нээсэн ба Hermès, Jacquemus, Kenzo зэрэг нэр нөлөө бүхий брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулжээ. Мөн олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй шоу бол яах аргагүй Dior. Учир нь тус ордны шинэ бүтээлч захирал Жонатан Андерсоны Dior-т зориулсан анхны эрэгтэй хувцасны цуглуулга энэ үеэр танилцуулсан гэдгээрээ онцлог юм. 

Харин загварын долоо хоногийн салшгүй нэг хэсэг болох хотын иргэдийн бүрдүүлсэн street style урьд урьдаасаа ч илүү анхаарал татлаа. Зуны халуун наранд халууцсан ч тэд деним хослол, график хээтэй цамц, өвөрмөц малгай, супер том нарны шил, лоафер гутал зэргээр түлхүү хэв маягаа тодотгож, загварлаг төрхүүдийг бүрдүүлж чаджээ. 

Э.Цовоо

2025-06-30, 16:24