Францад очсон хэнбугай ч заавал нэг удаа гартаа багет бариад, берет малгай толгой дээрээ духдуулан тавиад зургаа авхуулдаг нь уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. Берет, багеттай зургийг нь хараад л Парист байгааг тань шууд илтгэдэг. Парисын тансаг хийгээд загварлаг бэлгэдэл болсон энэхүү малгайг өнөө үед франц бүсгүй бүхэн өдөр тутамдаа өмсөхгүй ч загварын тайз болон бүсгүйчүүдийн бүрдүүлдэг загварлаг төрхөд байнга үзэгддэг чухал аксесуарын нэг юм.Та загварлаг аксесуар хайж байгаа бол берет хамгийн зөв сонголт байх болно. Ингээд 2025 онд ямар берет тренд болж байгаа болон юутай хослуулж өмсөхийг танилцуулъя.
Берет бол дугуй хэлбэртэй, зөөлөн, хүрээ болон саравчгүй толгойн өмсгөл юм. Орчин үед брэндүүдийн шинэ коллекцид илүү том хэмжээтэй эсвэл эсрэгээрээ жижигхэн загварууд ч давамгайлах болсон. Ингэхдээ төрөл бүрийн материал ашиглах болжээ. Сонгодог хувилбар нь хөвөн, эсгий эсвэл ноосон байдаг бол энэ нь хувьсан өөрчлөгдсөөр твид, элгэн эсвэл арьсан загваруудаас сонгох боломжтой болсон.
Берет малгайны хамгийн сонгодог өнгө бол бейж өнгөтэй. Гэсэн ч тод өнгө, эсвэл хар өнгийн сонголтууд таныг загварлаг хийгээд дэгжин харагдуулна. Сүүлийн үед дөрвөлжин хээтэй эсвэл ирвэсийн хээтэй загварууд түгээмэл болжээ. Харин хатгамалтай, брэндийн логотой эсвэл шигтгээтэй загварууд өнөө үед үеэ өнгөрөөсөн тул дахин сонгохгүй байхыг зөвлөж байна.
Беретийг бараг л бүх төрлийн хувцастай хослуулж өмсөж болно. Хэзээд сонгодог хэвээрээ үлдэх хослол бол беретийг нарийн эсгүүртэй даашинз, энгийн хүрэм, өндөр түрийтэй арьсан гуталтай өмсөх явдал юм. Даашинзыг хүсвэл ямар ч төрлийн банзлаар орлуулж болно. Мини, макси аль аль нь берет малгайтай төгс зохицно. Харин өнөө үед хамгийн тренд бол хуниастай банзал бөгөөд ийм загврын банзлыг аль ч брэндийн цуглуулгаас олох боломжтой. Үүнийг сонгодог цамц эсвэл зөөлөн өнгөтэй цамцтай хослуулбал төгс зохицно. Гутлын хувьд mary jane төрлийн туфли эсвэл балеринатай хамгийн гоё харагдана.
Түүнчлэн берет малгай сонгодог хослолтой гайхалтай зохицдог. Хүйтэн өдөр дотуур нь поло эсвэл нимгэн сүлжмэл цамц өмсөөрэй. Бас илүү энгийн, даруу төрх рүү өөрчилж болно. Жишээ нь том сул свитерийг өргөн эсвэл шулуун жийнстэй хослуулж өмсөөд дээгүүр нь берет өмсөөрэй. Харин энэ төрхийг илүү тодотгох үүднээс бугуйвч, ээмэг зүүж, өргөн түрийтэй гутал эсвэл пүүз гутлаар өмсөөрэй. Хүсэх юм бол өргөн өмдөө түрийтэй гутал дотроо чихэж загварчлах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт