Энэ намрын гангараа: Арьсан хүрэм
Арьсан хүрэм нь цаг хугацаанаас үл хамааран хэзээ ч хуучирдаггүй, чиг хандлагаас ангид оршдог загвар билээ. Тэгвэл 2025 оны намрын цуглуулгад дизайнерууд арьсан хүрмийг дахин онцолж эхэллээ. Цэвэр арьс ч бай, нимгэн эсвэл зузаан төрлийн ч бай арьсан хүрэм нь ямар ч хувцаслалттай зохицдог шидтэй. Энэ жил арьсан хүрэмний загвар хувьсан өөрчлөгдөж, силуэт, материал, өнгө зэрэг нь цаг үеийн сэтгэлгээтэй нийцэн шинэчлэгдсээр байна. Тэгвэл энэ намар ямар арьсан хүрмүүд тренд болох бол?
Винтэж арьсан хүрэм нь хувь хүний онцлогийг тодотгож, минималист эсвэл бохо хэв маягтай төгс зохицно. Даашинзтай хослуулахад романтик төрх бүрдэх бол мини юбкатай хослуулан өмсөхөд элегант төрхийг бүрдүүлнэ. Өнгөний хувьд улаан ягаан өнгөнүүд ч гэсэн тэргүүлэх магадлалтай байна.
Арьсан хүрмийн өнгө нь таны төрхийг тодотгох гол акцент болж чадна. Улаан өнгөний час улаан болон дарсны гүн улаан өнгө Jil Sander болон Tory Burch-ийн цуглуулгад давамгай танилцуулагдлаа. Тод өнгийн арьсан хүрэм нь монохром хувцаслалт болон өнгийн контраст үүсгэхэд төгс нийцнэ. Тиймээс өдөр тутамдаа час улаан өнгийн хүрмийг жинс, цагаан футболктай, харин дарсны улаан өнгөтэй хүрмийг ажил хэрэгч өмд, лофертой хослуулахыг санал болгож байна.
Байкер загварын арьсан хүрэм мото спорт, хурд зэргээс урам зориг авсан бүтээгдсэн ч өдөр тутмын хувцаслалтад зориулан гаргасан байдаг. Энэ улиралд брэндүүд өнгө болон материалын хослол дээр тоглолт хийж байна. Coperni брэнд бейж, улаан, хар өнгийг хослуулсан хувилбарыг санал болгосон бол Off-White нь сүүн цагаан өнгөтэй хүрэм дээр хар, цэнхэр өнгийн оруулгатай загваруудыг санал болгожээ. Байкер хүрэм бол өвөрмөц атлаа стилиэ өөрчлөх, туршилт хийхэд нэн тохиромжтой сонголт болж чадна.
Өргөн мөртэй арьсан хүрэм энэ улирлын хамгийн анхаарал татахуйц чиг хандлагын нэг болоод буй. Эдгээр загварууд нь ямар ч төрхөд хүч, итгэл нэмэгдүүлдэг. Жишээлбэл MM6 Maison Margiela, Saint Laurent брэндүүд шулуун эсгүүртэй загварыг хар болон байгалийн өнгөтэйгөөр гаргажээ. Ийм төрлийн хүрэм power dressing хэв маягийн хүчирхэг хийгээд загварлаг төрхийг бүрдүүлэхэд төгс тохирдог онцлогтой.
Урт арьсан хүрмийн халааг авахаар богино загварууд энэ намар эргэн ирлээ. 2025 онд загвар зохион бүтээгчид ямар ч илүү хачиргүй минималист, цэвэрхэн агаад чимэглэлтэй богино загваруудыг бидэнд санал болгож байна. Богино хүрэм зөвхөн өндөр суудалтай өмд, юбкатай ч сайхан зохицно.
Загварлаг гадуур хувцасны хамгийн өвөрмөц хувилбаруудын нэг бол бомбер. Энэ удаад тус загвар удаан хугацаанд байр сууриа хадгалах төлөвтэй байна. 2025 оны намар арьсан бомберыг зөвхөн жинс, спортын өмдтэй төдийгүй илүү тансаг хувцаслалттай хослуулан өмсөхөд загварлаг харагдах нь гарцаагүй болов уу. Жишээлбэл Givenchy брэнд арьсан мини юбкаг бомбертэй хослуулсан загвар танилцуулсан бол Eckhaus Latta асимметрик юбкатай хослуулсан загваруудаа толилуулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр