Дулаахан атлаа загварлаг: Ноосон цамцыг хэрхэн загварчлах вэ?

Мини юбка, богино шорт, урт цув

Нарлаг, дулаахан зуны өдрүүд дуусаж, сэрүү татсан намрын өдрүүд айсуй. Яаж даарахгүй, бас загварлаг харагдах вэ? Хүйтрэхээс өмнө дуртай зуны хувцсаа хэрхэн өмсөх вэ? Энэ улирал хоорондын солигдох мөчид хамгийн дулаахан, хамгийн загварлаг харагдуулахад тус болох зүйл бол ноосон цамц. Цамцаа мөр дээрээ тохох, бүсэлхийгээрээ уях, хүзүүгээ ороох эсвэл зуны торгон даашинз дээр өмсөх гээд янз бүрээр аргаар загварчлах боломжтойг Копенхагены загварын долоо хоногийн үеэрх инфлюенсерүүд бодитоор харууллаа.


Цамц болон богино шорт

Энэ зуны улиралд хамгийн олон янзаар загварчилсан хувцасны нэг бол яах аргагүй Бермуд шорт. Ийм загварын шортыг футболк, топ, хүрэмтэй хослуулж болох ч хамгийн дэгжин хослол нь цагаан цамцтай хослуулах. Харин Копенхагены загварлаг бүсгүйчүүд дүр төрхөө бүрэн төгс илтгэхийн тулд энгийн атлаа ухаалаг аргыг санал болгож байна. Цамцыг мөрөндөө тохох, аль эсвэл хүзүүгээрээ ороох төдийд л хангалттай. Энэ бүрдүүлж байгаа төрхийг илүү загварлаг харагдуулаад зогсохгүй оройн сэрүүнд өмсөөд дулаацах боломжтойг бидэнд харууллаа.

А-хэлбэрийн юбка

Энэ зуны гол трендүүдийн нэг цагаан өнгийн А-хэлбэрийн юбка. Нимгэн ноос, ноолуураар нэхсэн сүлжмэл цамцыг илгэн лофер, том цагаан юбка хослуулснаар тун амархан Скандинав минимализмыг бүрдүүлэх юм. Дулаахан ноосон цамц, урт цагаан цагаан юбка дээр хэчнээн алхсан ч түүртэхгүй гутал нь хотын төвөөр алхсан ч, аялал зугаалгаар явахад ч эвтэйхэн тухтай санагдах төрхийг бүрдүүлжээ.

Аксесуар

Ноосон цамцыг дэгжин байдлаар харагдуулах нэг арга бол түүнийг аксесуар болгон хувиргах. Нимгэн торгон даашинз түүнтэй хослох оймс дээр урт цув өмсөөд зузаан ноосон цамцаа хүзүүгээрээ ороосноор илүү загварлаг харагдах юм. Энгийн өдөр тутмын хэрэглээг аксесуар гоёлын элемент болгон хувиргаж чаддагаараа Копенхагены загварлаг байдалд ч төгс тусжээ. 

Бүсэлхийг тодотгох

Өөр нэг гайхалтай арга бол бэлхүүсээрээ ноосон цамцаа уях. Ингэж бэлхүүсээрээ уяхад хувцаслалтыг хуваахаас гадна бүснээс илүү өргөн хуваалтыг харуулдаг. Ихэвчлэн жинсэн өмд, цагаан футболк дээр хэрэгжүүлдэг энэ арга маань даашинз дээрч сайхан харагдаж болохыг бидэнд харуулжээ. Хэрвээ даарвал шууд л тайлаад өмсчихнө.

Цув + мини юбка

Сэрүүн өдөр мини юбка хэрхэн өмсөх вэ? "Мини юбка + футболк + цамц" бол хамгийн төгс хослол юм. Мөн дээрээс нь урт цув өмссөнөөр Копенхагены street style- ийн төгс илэрхийлэл болсон эмэгтэйлэг атлаа хэрэглээнд тохирсон төрхийг бүтээжээ. Подволк, цамц нь илүү тухтай дулаан мэдрэмжийг төрүүлдэг бол, мини юбка нь зоримог өнгө аяс нэмж, урт цувтайгаа хосолжээ.

Хольж хослуулах

Тэс өөр шинж чанар, материалтай хувцсаа хольж хослуулан өмсөх нь хэцүү. Энийг бүр зуны улирлын хувцсандаа хэрэгжүүлэхэд маш бэрх. Ноосон цамцны эмжээр дотуур цухуйсан торон эмжээртэй даашинзыг өргөн өмд дээр хослуулан өмсжээ. Өөр өөр материаллаг шинж чанарыг чадварлаг хольсноор илүү эмэгтэйлэг зөөлөн харагдуулжээ.

Ц. Усанболор

2025-08-27, 19:59