BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх хувцаслалт болон нүүр будалт
Playtime хөгжмийн наадам ёслол төгөлдөр эхэллээ. Хамтлаг дуучид, дуу хөгжимд амьдралаа холбосон уран бүтээлчид нэгэн тэнгэр доор хуран дөрвөн өдрийг мартагдашгүй өнгөрөөх үе ирлээ. Эдгээр өдрүүдэд та өөрийн биширдэг хамтлаг дуучдыг таашаагаад зогсохгүй шинэ уран бүтээлчдийг өөрийн мэдрэмжээр эрхшээх шинэхэн аялал ч мөн хүлээж байна. Тайз гэрэлтүүлэг, хөгжмийн дамжуулалт, хүрэлцэн ирэх хүн болгоны хүсэлд нийцүүлсэн олон төрлийн үйлчилгээнүүдийг нэг доор зангидсан Playtime хөгжмийн наадам жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлж хөгжим сонирхдог хэн болгоны заавал ирэх ёстой фестивалиудын нэг яах аргагүй мөн билээ.
Зохион байгуулагч талаас үзэгчдэдээ хэлдэг уриа бол өөрийнхөөрөө байж амьд хөгжмийг мэдэр. Үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд танд хувцаслалт чухал гэдгийг мартуузай. Хэрэв наадам руу явахаар шийдсэн бол тус нийтлэлээр бид яаж хувцаслах талаар бяцхан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. Мөн яг одоо тренд болж буй нүүр будалтын шинэ өнгө аясыг хамтатган хүргэж байна.
Нарлаг өдөр, цагаан өнгийн хувцас
Дөрвөн өдөр зохион байгуулагдах өдрүүдэд хурц нартай байх төлөвтэй учир энэ үеэр таны сонгох хувцаслалтын үндсэн өнгө цагаан байж болох. Цагаан өнгийн майк, эсвэл цагаан өнгийн нимгэн даавуун даашинз хэтэрхий уйтгартай сонголт байж болох хэдий ч үүнийг илүү дэгжин болгох аргачлал бол тод өнгийн гутал, эсвэл гялалзсан аксесуарууд юм.
Түрийтэй гутал
Эрт үед Английнхны хувьд түрийтэй гутал гэдэг нь даруу, хээнцэр байдлын илэрхийлэл байсан. 1970-аад оноос хойш хиппи нар түрийтэй гутлыг залуучуудын тренд болгож, Япон залуус гудамжны стиль рүү оруулж, урсгал сөрсөн, тогтсон жишгээс хазайсан олон хувилбаруудаар өмсдөг болжээ. Үүнтэй адил түрүүтэй гутлыг сонгохдоо хамгийн этгээд загвартайг сонгоорой. Яг л Элтон Жон, Леди Гага шиг.
Шоо дөрвөлжин хээ
Мэдээж та амьдралдаа шоо дөрвөлжин хээтэй хувцас өмссөн л байж таараа. Нөгөөтээгүүр бүх цаг үед хувцас загварынхны үргэлж онцолдог сэдэв бол дөрвөлжин хээ. Dior брэнд 2025 оны загваруудаараа Шотландын уламжлалт дөрвөлжин хээг буцаан авчирсан бол үүнийг даган олон олон загварын трендүүд энэ жил бий болжээ.
Галбир үл харгалзах шулуун загвар
Эртний Грекийн туник өмсгөл эсвэл даавуугаар биеэ ороох уламжлалт гоёх ёс нь Энэтхэг төдийгүй ази соёлын түүхэнд тод тэмдэглэгдсэн байдаг. Хэрэв та өөрийн биеийн галбир болон илүү тухтай байдлыг эрхэмлэж байгаа бол энэхүү загварууд танд туслах шидтэй. Эдүгээ эдгээр галбир үл харгалзах шулуун загваруудыг зарим мэргэжилтнүүд "ресорт" хэв маяг гэж тодорхойлдог.
Саатай эсвэл гялалзсан хатгамалтай хувцас
Энэ жилийн загварын шоунуудад давамгай ажиглагдсан зүйл бол саатай хүрэм. Дан ганц эмэгтэй загвар дээр бус эрэгтэй загвар руу хүч түрэн орж ирлээ. Гялтганасан материал, нарийн саатай чимэглэл нь тайзны гэрэлтүүлэгт туяарч, бусдын харааг булаана. Диско хэв маяг гэх тодотголоос хазайсан энэхүү трендийг Харри Стайлс тайзнаа мандуулсан билээ.
Гуава жимсний өнгө төрх
Энэ зун халуун орны жимс гуава буюу шарсун жимс гоо сайхны ертөнцөд хүч түрэн орж ирээд байна. Гоо сайхны брэндүүд тус жимсний хандыг арьс арчилгааны бүтээгдэхүүн, сүрчигт ашиглаад зогсохгүй энэ өнгө нүүр будалтын тренд болоод буй. Ягаан, улбар шар, улаан өнгөний дулаахан хольц нь гэрэлтсэн, толигор будаагүй мэт төрхтэй хослоход төгс зохицно. Тус будалтыг хэрэгжүүлэх маш энгийн. Хэрэв танд гуава жимсний өнгөтэй будаг байхгүй бол санаа зовох хэрэггүй. Танд ягаан эсвэл улбар шар өнгийн энгэсэг эсвэл тинт байхад хангалттай. Үүнийгээ бор тень эсвэл бронзертой хольсноор тус өнгийг гарган авч хацрын алимаас дээш чиглэлтэй будаж, уруулыг зөөлөн, амьд өнгөөр тодруулж өгөөрэй. Нүдний хувьд зөвхөн сормуусаа будан бусад хэсгийг даруухан байлгаснаар байгалийн, минимал төрх бүрдэнэ.
Үсний саатай утас
Үсний саатай утас бол 2025 оны хаврын голлох тренд. 2024 онд Anora киноны гол дүр Анигийн үс засалтыг инфлюенсерүүд ихээр дуурайх болсон. Тэгвэл 1980-аад онд анх дөнгөж саатай үсний лак дэлгэрч байх үед бий болж байсан саатай утас эргэн моданд орлоо. Ийм төрлийн өнгө өнгийн үсний утсыг сонгохдоо нейлон эсвэл хуванцар материалтай, аль болох нарийн утас сонгохыг зөвлөж байна. Нарийн байх тусам өөрийн тань үс мэт харагдаж өгөх юм. Бараан өнгийн үстэй хүмүүст тод өнгийн зохих бол цайвар үстэй хүмүүст мөнгөлөг өнгө илүүтэй зохино.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт