Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны аравдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
ХОНЬ
Аравдугаар сарын эхний өдрүүдэд бусадтай харилцах харилцаанд тань эерэг өөрчлөлтүүд гарна. Та өөрийн харилцаанаас жинхэнэ үнэнийг мэдэх боломжтой болно. Хэрэв та судлаач, эрэл хайгуул хийдэг шинжээч бол энэ сар бол танд шинийг тайлж мэдэх томоохон боломж тохионо. Бүтэн сар хонины орд руу шилжих учир эрүүл мэндийн хувьд та өөртөө анхаарал хандуулахад тохиромжтой. Сарын дундад буюу 13-ны өдөр гэрлэлтээ батлуулахад сайн. Сугар гараг жинлүүрийн орд руу шилжихэд гэр бүл болон хувийн харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Харин 22-ны өдөр Далайн ван гараг ухрах хөдөлгөөн хийж эхлэх ба дотоод ухамсрын сэргэлтийн үе тохионо. Мөн энэ сар хонины ордныхны хувьд өөрийгөө ойлгох, зөн совингоо сонсох эерэг сар байх болно. Бусдын хэрэгт бүү дурла, элдэв хов живийг чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг хичээгээрэй. Мөн аялалд гарахад ч тохиромжтой сар юм.
ҮХЭР
Аравдугаар сарын эхэнд буд гараг хөдөлгөөнд орох ба үхрийн ордынхны хувьд идэвхтэй байх өдрүүд тохиож байна. Хамтын ажиллагаа сайжирч ажил үйлс дардан байх болно. 6-ны өдөр аливаа үйлийг эхлүүлэхэд нэн тохиромжтой. Хэрэв та ганц бие бол шинэ учрал таныг хүлээж байна. Сарны нөлөөгөөр зарим нэг харилцаанд та цэг тавьж магадгүй. Сарын дундад буюу 13-нд сугар гараг жинлүүрийн орд руу шилжсэнээр та санхүүдээ анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Энэ үед их хэмжээний санхүүгийн эргэлт хийх бол сайтар нягтлах хэрэгтэй гэдгийг од эрхсийн байршил хэлж байна. Харин ажил дээрээ зоримог шийдвэрүүд гаргахад тохиромжтой. 22-ны өдөр Далай ван гараг загасны орд руу шилжиж, улмаар хэн нэгнийг зөв таних мэдрэмж тань нэмэгдэнэ. Харилцаа дээрээ анхаарч, аль болох эерэг хандлагыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Сарын сүүлээр хайж байсан зүйлсээ олж, бизнесийн шинэ санаа урган гарна.
ИХЭР
Сарын эхний өдрүүдэд гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт гарч эхэлнэ. Энэ үед шинэ санаа, төлөвлөгөө гаргахад таатай. Сарын дунд үеэс эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Энэ сар гэр бүлтэй ихрийн ордныхон үр хүүхдэдээ анхаарал хандуулж, цаг зав зарцуулах хэрэгтэй. Хэрэв та хүүхэдтэй болох талаар төлөвлөж байгаа бол энэ сар хамгийн тохиромжтой гэдгийг анхаарууштай. Ажлын хувьд та хэт хийсвэр хандаж байсан бол зарим зүйлийг бодитоор харж эхлэх цаг иржээ. Буд гараг нумын орд руу шилжсэнээр гэрээ хэлэлцээр хийхэд тустай.
МЭЛХИЙ
Энэ сарын 6-ны өдөр сар хонины ордонд битүүрнэ. Үүний үр дүнд та хийж буй ажлынхаа үр шимийг хүртэнэ. Сарын дунд үед гэр бүлийн уур амьсгал, бие сэтгэлийн тав тухыг мэдрэх болно. Ганц бие мэлхийн ордныхны хувьд хайр дурлал таныг хүлээж байна. Сарын сүүлээр Буд гараг Нумын орд руу шилжиж амьдралын хэв маяг тань эрүүл мэнд рүүг чиглэсэн хэмнэлээр өөрчлөгдөнө. Аливаад шинийг мэдэх гэсэн эрэлхийлэл тань сурах, суралцах боломжийг ойлгож байна. Тиймээс өөртөө цаг гаргаж, ямарваа нэгэн сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа бол бүү хойшлуулаарай. Мөн өөрийн амьдралд хэрэгтэй харилцааг авч үлдэж, зарим нөхөрлөлийн таагүй харилцааг дуусгавар болгох болно.
АРСЛАН
Сарын эхний 10 хоног та гэртээ өөрийн орон зайнаас хамгийн эрч хүч тав тухыг мэдэрч энергиэ нөхнө. Өөрийн ухамсар луу өнгийж өөрийгөө өөр талаас харж эхлэх боломж бүрдэж байна. Мөн энэ үед амьдралд хандах таны хандлага дагаад өөрчлөгдөнө. Хэрэв та амьдарч буй орон байраа өөрчлөхөөр шийдсэн бол гараг эрхэс таны талд байна. Урт хугацаанд зүтгэсэн таны зорилго биеллээ олж, сургуульд сурах таны төлөвлөгөө ч мөн аль нэг шийдэлд хүрнэ. Сарын 13-ны өдөр Сугар гараг жинлүүрийн орд руу шилжсэнээр арслангуудын хувьд илүү идэвхтэй болох болно. Зарим ярвигтай харилцаа эв дүйгээ олж шийдэлд хүрнэ.Мөн үр хүүхдүүддээ илүү анхаарч, тэдэнтэйгээ цагийг өнгөрөхийг та урьтал болгоорой.
ОХИН
Зорьсон зорилго тань амжилттай бүтнэ. Өмнө нь үүссэн байсан үл ойлголцол ч мөн тайлагдах болно. Сарын эхний өдрүүдэд айдсаа даван туулах хүч танаас ундарна. Сэтгэлзүй талаасаа та өөрөө өөрийгөө эмчилнэ. Сарын дундад буюу 13-ны өдөр Сугар гараг жинлүүрийн орд руу шилжсэнээр таны санхүүгийн байр байдал тогтвортой болно. Таны орлого зарлагын харьцаа тэнцвэржиж танд ээлтэй тал руу эргэнэ. Ажлын дарамт, элдэв хов жив таныг тойрч байсан бол энэ сар эдгээр сөрөг зүйлс дуусгавар болох болно. Харин сарын сүүлээр шинэ сар гарч таны төлөвлөгөө биеллээ олж ,шинэ мөнгөний урсгал бий болох боломж бүрдэж байна.
ЖИНЛҮҮР
Аравдугаар сарын 4, 6-ны өдрүүдэд санхүүгийн байдалдаа анхаарч тооцоотой байхыг зөвлөж байна. Хэрэв та их хэмжээний мөнгө зарцуулах гэж байгаа бол юуны өмнө нарийн нягтлахыг зөвлөе. Ажил бизнесийн салбар дээр ч мөн та тооцоолол дахин хийх шаардлагатай. Энэ сар танд хүмүүсийг таних боломжийг олгож байна. Аравдугаар сарын 13-нд Сугар гараг жинлүүрийн ордод байрлаж, та өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Ажил үйлсийн үр дүн маш сайн байна. Гэр бүлийн харилцаа халуун дулаан байх ба сарын сүүлээр шинэ сар жинлүүрийн ордод гарах үеэр эрүүл мэнддээ анхаараарай.
ХИЛЭНЦ
Энэ сар хилэнцийн ордныхны хувьд мэдрэлийн ядаргаанд орохоос зайлсхийж амралтаа сайн зохицуулах шаардлагатай. Сарын 6-ны өдөр бүтэн сар хонины ордод гарч эрүүл мэндийн асуудлуудаа эмчлэхэд тохиромжтой. Сарын дундуур таны зөн совин сэргэнэ. 13-ны өдөр Дэлхий ван гараг урагшлах хөдөлгөөн хийж орон байрны асуудал тань шийдэгдэнэ. Хэрэв та нүүхээр зэхэж байгаа бол гараг эрхэс таны талд ээлтэй байх болно. Харин сарын сүүлээр таны авьяас билэг нээгдэж бүтээлч сэтгэхүй нэмэгдэнэ. Энэ үед та дараа сарынхаа төлөвлөгөөг сайтар төлөвлөх шаардлагатай. Учир нь энэ үе бол таны хийж бүтээх зорилгоо цаасан дээр буулгахад таатай үе байна.
НУМ
Аравдугаар сарын 6-ны өдөр Буд гараг хилэнцийн орд руу шилжилт хөдөлгөөн хийх ба энэ үед гэмтэл бэртлээс болгоомжил. Сарны нөлөө таныг гэр бүлтэй чинь илүү ойртуулна. Ганц бие нумынхан шинэ хоббигоо олно. 13-ны өдөр Дэлхий ван гараг урагшлах хөдөлгөөн хийснээр таны хувьд олон нийттэй харилцах харилцаандаа өөр хандлага гаргах, шинэ ажил эхлүүлэх, өөр хүмүүстэй ажиллах, шагнал урамшуулал хүртэх боломж бүрдэж байна. Энэ сард та цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Орон байрны хувьд ус алдахаас болгоомжил.
МАТАР
Зорилгынхоо араас тэмүүлэхэд таатай үе тохиож байна. Таны хүсэл мөрөөдөл зорилго таныг олон хүмүүстэй холбоо тогтоохыг сануулж байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой саадуудад зөв гаргалгааг олох болно. Хуулийн байгууллагатай харилцаж байгаа бол эерэг өөрчлөлт гарна. 13-нд Дэлхий ван гараг урагшлах хөдөлгөөн хийх ба та айдсаа даван туулж өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах өдрүүд ирнэ. Зарим талаараа та аливаа асуудалд шийдэмгий бус хандаж байгаа бол энэ сар та илүү зоригтой байхыг гараг эрхэс танд сануулж байна. Сарын сүүлээр бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө сонсож, өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Таны дотроос элдэв шинэ санаа урган гарч байгаа бол түүнийгээ ажил хэрэг болгож цаас нь дээр буулгах нь чухал гэдгийг санаарай.
ХУМХ
Энэ сар таны эрч хүч ундарна. Сарын эхний өдрүүдэд танд ажлын ачаалал нэмэгдэж магадгүй, түүнийгээ дагаад нарийн төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй. Сарын 13-ны өдөр Сугар гараг жинлүүрийн орд руу шилжсэнээр сурч мэдэх сонирхол тань нэмэгдэнэ. Хэрэв та аялалд явахаар төлөвлөж байгаа бол эдгээр өдрүүд тохиромжтой байна. Мөн тус өдөр Дэлхийн ван гараг урагшлах хөдөлгөөнийг хумхын ордод хийнэ. Ялангуяа хумхын ордны эхний 10 хоногт төрсөн хүмүүс маш идэвхтэй өөрчлөлтүүдийг мэдэрнэ. Аравдугаар сарын 21-ний өдөр шинэ сар гарснаар та өөрийгөө дахин нээж, итгэл үнэмшил тань нэмэгдэнэ. Сарын сүүлээр санхүүдээ анхаарал хандуулж, хэт их мөнгө үрэхээс зайлсхийгээрэй.
ЗАГАС
Энэ сард ажил карьер тань маш идэвхтэй болж байгаа учир шинэ ажил эхлүүлбэл амжилттай болно. Харин бүтэн сар хонины ордод гарснаар санхүүгийн эрчим хүч нэмэгдэж, ханшийн үүд хаалга тань нээгдэх болно. Аравдугаар сарын 13-нд Сугар гараг жинлүүрийн ордод орсноор хадгаламж нээх, айдсаа даван туулах, эд хөрөнгөө гамнах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Харин шинэ сар жинлүүрийн ордод гарснаар бусдын нууцыг олж мэдэх магадлалтай учир хов живэээс холуур байгаарай. Сарын сүүлээр таны амьдралд тохиолдож байсан саад бэрхшээлүүд бүдгэрч эхлэх болно.
ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ӨДРҮҮД
Аравдугаар сарын 6 - Бүтэн сар хонины ордод гарна.
Аравдугаар сарын 13 - Сугар гараг жинлүүрийн ордод шилжих хөдөлгөөн хийнэ.
Аравдугаар сарын 21 - Шинэ сар жинлүүрийн ордод гарна.
Аравдугаар сарын 22 - Далайн ван гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт