Velin сэтгүүл: Үзэгч олон минь Г.Анхбаярыг хүлээн авч, тухлан сууж таалан болгооно уу

“Оюутан боллоо доо миний хүү, Радио телевизийн дээд сургуульд орвол ямар вэ?” гэж түүний эмээ хэлэхэд зээ хүү хошин байдлаар: Эмээ, цэцэрлэг ч тэр, дунд сургууль ч тэр гэрийн хаяанд л байсан, радио телевизийн дээд сургууль ч гэрээс хэдхэн метрийн цаана шүү дээ. Энэ удаад гэрээс жаахан хол сургууль сонговол ямар вэ гэж хэлэхэд түүний эмээ хүүгийнхээ хошигнолд инээд алдан суусан гэдэг.

Нээрээ ч тэр хошигнол биеллээ олж Г.Анхбаяр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, гэрээс нь хол орших СУИС-ийн босгыг давжээ. Жүжигчин, кино найруулагч Навчаа түүнийг элсэх шалгалтад бэлдүүлж, Анхбаяр залуу өндөр оноотойгоор элсэн орон, жүжигчин мэргэжлээр сурахаар эргэлт буцалтгүй шийдсэн ч, жүжигчин болох түүний мөрөөдөл угтаа циркийн дугуй тайзнаас эхэлсэн билээ. Тухайн үеийг сийрүүлбэл Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэц, циркийн урлагийн нэрт зүтгэлтэн Батын Содном гуайн зээ хүү Анхбаярын тайзны гараа таван наснаас нь эхэлж, хүүхдийн баярын тусгай тоглолтод алиалагч болж гарсан мөч хүүд жүжиглэх хамгийн том урмыг өгчээ. Яг тухайн мөчид уран сайхны удирдаач Цэнд-Аюуш гуай бяцхан хүүг хивс шиг хүнд, улаан хөшигний цаанаас харан зогсохдоо ээжийг нь нудраад “Танай аавын авьяас Анхбаяр золигт ч бас байна шүү” гэж хэлжээ. Хожим хойно түүний эмээ эл яриаг ээжээс нь сонссоноо Анхбаярт хэлж, түүнийг өвөөгийнхөө авьяасыг өвлөж төрсөн тухай, тайзны урлагт амжилт гаргана гэдэгт огт эргэлздэггүй гэдгээ хэлсэн гэдэг. Тэр үеэс одоогийн Анхбаярын тухай он дамнан тунгаавал, хүү хожмоо гадна дотнын телевизийн томоохон нэвтрүүлгүүдийг хөтлөх нэгэн гэдгийг харин түүний гэр бүл төсөөлж амжаагүй сэн болов уу?

Багаасаа тайзны өмнө өөртөө итгэлтэй гарч чадна гэж боддог байсан ч мэргэжлийн жүжигчний боловсрол эзэмших явцдаа тэрээр тайз гэдэг ямар их ур чадвар, сахилга бат шаарддагийг ойлгожээ. “Би одоо ч тайз, камерын өмнө гарахдаа сандардаг. Багш маань ‘Хэрэв чи тайзан дээр гарахын өмнө огт сандрахгүй бол тэр үед тайзаа орхих хэрэгтэй шүү’ гэж хэлдэг байсан” хэмээн тэр дурссан юм.

Жүжигчний мэргэжлээр сурах үедээ Анхбаяр телевизийн салбарт гулсан орсон нь зүгээр л аз эсвэл хувь тавилан байсан байж болох. Оюутан ахуй цагаасаа телевизийн нэвтрүүлэг хөтлөх санал авсан тэрээр мөнгө олох гэхээсээ илүүтэй өөрийнхөө нэвтрүүлэг хөтлөх чадварыг дээшлүүлэхэд төвлөрчээ. Ийнхүү түүний телевизийн анхны гараа C1 телевизээс эхэлсэн түүхтэй. Жүжигчний мэргэжлээр суралцахын зэрэгцээ эфирийн ажлаа хослуулсан нь түүний оюутан ахуй цагийг илүү ачаалалтай, гэхдээ илүү утга учиртай болгожээ. Showbiz нэвтрүүлэг түүний анхны бүрэн хэмжээний гардаж хөтөлсөн нэвтрүүлэг. “Шоубизийн Анхаа” гэж ярих нь түгээмэл болж хүмүүс түүнийг тус нэвтрүүлгээр нь хүлээж авдаг байсан цаг саяхан. Үүний дараачаар түүний кино урлагийн карьер ч эхэлсэн түүхтэй. Кинонд дүр бүтээгээд зогсохгүй өөрөө бие даан найруулсан кинонууд ч түүний урын санд байдаг. “Луйврын хот”, “Франц үнсэлт”, “Давхар цохилт” зэрэг кинонуудын эх зохиолыг бичиж, продюсероор ажилласан нь түүнд цааш олон зүйлийг хийх сэдлийг өгчээ. “Гурван найз” хэмээх олон ангит кино нь түүнд амжилтыг авчирч тухайн киноны дүр болох Цэкү гэдгээр нь түүний дотнын найзууд хүртэл андуурч дуудсан удаа бишгүй олон байсныг Анхбаяр дурсан ярилаа. Телевизийн олон ангит кино болон бүрэн хэмжээний кино бүтээх туршлагатай болсон тэрээр цаашид цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг юу илүү татдагийг Анхбаяр ойлгож мэдэрсэн. 


"Миний амьдрал телевизийн салбартай салшгүй холбоотой, анх ажлын карьер маань ийн эхэлсэн ч гэлээ учиргүй мөнгө хөөж телевизийн салбарт ороогүй. Кино урлаг ч мөн ялгаагүй."


Хийж бүтээсэн уран бүтээлүүдэд минь оносон, алдсан зүйл их бий, гэхдээ одоо бодох нь ээ би камерын урд хөтлөгч, жүжигчний хувиар ямраар ч гарсан түүхээ эргэцүүлбэл тухайн үед өөрийгөө аль түвшинд явж байснаа одоо хэр нь тодорхойлж чаддаггүй. Тэр салбар, тийм кино, миний оргил үе, ид үе гэж оноож бодож байгаагүй ээ. Өнөөдрийн би, тэр үеийн Анхаа хоёрт ямар ялгаа байдгийг мэргэжил нэгт найз нөхөд, хамт олон минь тодорхойлох байх” хэмээн Анхбаяр надтай уулзах үедээ наргианч байдлаар хэлсэн билээ.

Зарим ярилцлагын асуултыг тэрээр төвөггүй хариулсан ч гэлээ тогтсон яг таг хариулт хараахан авч чадаагүй надад цааш асуумаар байсан асуултаа нэлээд он цаг зааж асуувал ихэнх хариултуудад Анхбаяр наргианч байдлаар хариулав. Та тэр шоугаа хөтлөхдөө хэр сандарч байв? Кинонуудын тухай нарийн асуухад:

Нэг их бороотой өдөр байсан гэж хариулна эсвэл өмнөх асуултын хариултад “баахан тайзны гэрэл асчихсан л байсан” гэх мэтээр хариулна. Телевизийн салбарын хөгжлийн талаар асуухад “телевизийн салбар хөгжөөд л байна, юу өөрчлөгдсөн юм болдоо камер, аппарат лаг хөгжөөд байсан юм болов уу” гэж хошин байдлаар хариулж байсан нь наргиа мэт сонсогдож байсан ч үнэндээ өөрийгөө бүхнийг хийж бүтээдэг мундаг хүн гэж хариулахаас зайлсхийсэн энгийн хүн болох нь ажиглагдлаа.


Энэ бүх асуултын дараа харин түүнээс Монгол жүжигчид дотроос хамгийн шилдэг хошигнож чаддаг эрхмийг нэрлэ гэж тулган асуухдаа би давхар түүнээс уг асуултын хариултад олон хүн дурдах бус зөвхөн ганц л хүнийг нэрлээрэй гэж сэтгүүлчийн буланд шахлаа. Анхаа төвөггүйхэн МУГЖ Ш.Доржсүрэнг хэлэхдээ илүү нухацтайгаар хариулж, түүнээс суралцах зүйл их байдгийг надад тайлбарласан билээ. “Ухаантай хүн юмыг шооч байдлаар егөөдөж, хүний бодож амжаагүй өнцгөөс олж харж хошигнож чаддаг, ухаан муу хүн бол хошигнол гэдгийг арай доромж утгатай болгодог тал бий. Тэгэхээр хошин хүн гэдэг бол мэдрэмжтэй бас дээрээс нь ухаантай хүнийг хэлэх байх, Дооёо ах яг тийм хүн”. 

Мэдээж тус хоёр жүжигчний ажлын хамтрал бол дэлхийн алдарт The Tonight Show гэдгийг уншигч та надаар бичүүлэлгүй мэдэх буй за. Энэ шоуны тухай яриаг буулгахтай хамт Central TV гэх том айлыг бичихгүй байж үл болно. Энэхүү ярилцлагыг авахаар би тэр үед түүний ажлын өрөөнд цаг товлон уулзсан билээ. Түүний ажлын ширээ дугуй хэлбэртэй, бүдэг гэрэл, түүний хувийн цуглуулга гэлтэй орон орны соёл шингэсэн хөшөө баримал, тэр ч байтугай уух зүйлс хийхэд зориулагдсан жижиг хэмжээтэй хөргөгч хүртэл байх нь түүний ажлын өрөө албан ёсны бус харин шинэ санаагаа ярилцах таатай орчин гэж хэлж болох.

Central телевизийг Анхбаяр чиглүүлэн залахдаа өөрийгөө үүсгэн байгуулагч “Захирал” гэж дуудуулахаас илүүтэй “Captain” гэх үгийг хамт олондоо нутагшуулжээ. Энэ нь зүгээр нэг хоч биш, харин хамт олноо нэг зүгт чиглүүлж, адал явдал руу хамтдаа хөдөлдөг хөлгийн ахмадтай зүйрлэсэн нэршил юм. Central телевизийн байр тэр чигтээ хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагддаг, бүтээлч ажилчдын алхааны хэмнэлээр тодорхойлогддог газар гэж бичвэл зохилтой. Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны тухай тодруулахад, зураг авалтын багаас эхлүүлээд эвлүүлэгч, оролцогч тус бүртэй нэг бүрчлэн ажиллах стилист, шоуны утга санаа, агуулгын хянан тохиолдуулах баг гээд тоолж үл барам нэгж, хэлтсүүдийг Анхбаяр дурдаж байлаа. Шоунд оролцох сонирхолтой залуусын хүсэлт эхний улиралд 10,000 ирсэн бол хоёр дугаар улирлын дугаарт орох хүсэлтэй залуусын тоо 25,000 хүржээ. Энэ мэтчилэн тус телевизийн зохиосон дотоодын болон олон улсын шоунууд ямар олон хүний бүрэлдээхүүнээр үзэгч түмэнд хүрдгийг тоочин бичвэл үг олшрох буй за. 

The Tonight Show-ний хувьд тус шоуг монголын цэнхэр дэлгэцнээ эх хэл дээрээ хөтлөн хүргэх их ажилд түүний эхнэрийн дэмжлэг асар их байсныг Анхбаяр онцолсон юм. Тус нэвтрүүлгийн эрхийг авах үйл хэрэг тийм ч амар байгаагүй бөгөөд түүний гэргий энэ төсөлд манлайлан ажиллаж, дан ганц тус шоугаар бус Анхбаярыг аливаад үргэлж дэмжиж ирсэн он жилүүдийг эргэцүүлбэл түүний гэргий амьдрал дээр ч, ажлын талбар дээр ч үргэлж түүнтэй хамт байсныг гэрчлэх буй за. 

"Эхнэр маань намайг хамгийн их хурцалж, зоригжуулдаг. Бид нэг зүгт харж, тус бүрийн мөрөөдлүүдээ бүгдийг нь нэгтгэж бие биедээ ууссан. Эхнэрийн минь зорилго миний зорилго болж, миний мөрөөдөл эхнэрийн минь ч мөрөөдөл болсон."Нэгэн цул болно гэж ярьдаг шүү дээ.”Телевизийн урлаг гэдэг бол олон салбарыг хамруулан түмэнд түгээдэг хэрэгсэл гэж тодорхойлох нь зүйтэй. Үзэгчид зурагтаа асаагаад гоо зүй, үндэсний урлаг, утга зохиол, хошин нэвтрүүлэг, хувцас загвар, цэнгээнт нэвтрүүлэг гээд хэнийг ч уйдаахгүй байхыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байдаг. Энэ зорилгын хүрээнд Central телевиз тал бүрийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг ба Анхбаярын телевизээрээ дамжуулан урлагийн олон төрлийг түгээх гэсэн санаа магад түүний бага наснаасаа циркийн урлагтай танилцсантай нь холбоотой мэт. Анхбаярын хувьд телевиз бол зүгээр нэг дүрс дамжуулах хэрэгсэл биш, харин олон төрлийн урлаг огтлолцдог тайз. Яг л цирк шиг. Циркт бүх зүйл зэрэгцэн оршдог: эрсдэл, гоо зүй, инээд, гайхамшиг. Central телевиз ч мөн адил. Зөвхөн нэг өнцгөөс харах боломжгүй, зөвхөн нэг мэдрэмжээр хэмжих аргагүй.

Анхбаяр телевиз байгуулна хэмээн зориглохдоо энэ мөрөөдөл үү эсвэл бизнес үү гэж тухайлан бодоогүйн учир нь тэрээр телевизийн урлагт чанартай зүйл хийх гэсэн эрмэлзэл нь юун түрүүнд оршжээ. Мөрөөдлөөрөө хандах гэхээсээ илүү хүнд юу үзүүлж, ямар сонирхолтой зүйлийг хүргэх талаар тунгаасан нь энэ бүхний эхлэл гэж хэлж болно. Аливаа уран бүтээлч олон улсын соёл урлагийг танин мэдэх тусам өөрийн язгуур урлагийн гоо зүйг эрэлхийлж эхэлдэг бичигдээгүй хууль бий. Анхбаярын хувьд дэлхийд нэр хүндтэй олон олон шоуг хөтлөн монгол түмэндээ хүргэдэг хэдий ч өөрсдийн үндэсний өв соёлыг монголчууддаа олон талаас ойлгуулахыг зорьдог. Монгол өв соёлоо иргэн бүр мэддэг байх нь чухал төдийгүй, бидний төдийлөн сайн мэддэггүй монгол ахуй соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлэн ажилласаар байна.


Эцэст нь энэ бүхнийг нэгтгэн харахад Анхбаярын түүх нь амжилтын тухай биш, цаашид хийх зүйлсээ хэрхэн бүтээх талаарх оршил юм. Хүүхэд насны тайзны гэрэл, оюутан ахуйн яаруу өдрүүд, камерын өмнөх сандрал, эфирийн ард үлдэх хөдөлмөр гээд энэ бүхэн түүнийг нэг цэгт аваачих бус, харин ч үргэлжилсээр байх адал явдал ямар урт гэдгийг харуулна, тэрээр зогсохгүй. Хүн хийхийг хүссэн зүйлээ хийж эхлэх үед заавал шалтгаанаа тайлбарлах шаардлагагүй болдог шиг зүгээр л хийсээр, явсаар, өөрийнхөө хэмнэлээр үргэлжлүүлсээр байдаг Анхбаярт цаашид ямар амжилт, ямар олон санаанууд тээж явааг төсөөлшгүй. Тэр өөрийгөө хэзээ ч “болчихсон” гэж тодорхойлдоггүйгээс харахад үзэгч бид түүнээс олон зүйлийг хүлээж болох шиг санагдам.

Арт директор & Стилист: Ж.Булган

Туслах стилист: З.Зоригт

Продакшн менежер: Б.Энхзаяа

Тайзны зураач: М.Анухатан

Тайз засал: М.Батчулуун, Ш.Батбаяр, Б.Батцэцэг

Нүүр будалт & үс засалт: Н.Сумьяабазар

Видео: Б.Дайриймаа

Ж.Булган

2026-10-23, 17:08

  • Зураг: Г.Золжаргал