2022 оныг эргэн нэг дурсацгаая

Ямар чухал үйл явдлууд болж өнгөрсөн бэ?

2022 онд дэлхий дахинд удаан үргэлжилсэн цар тахал намжсан хэдий ч бидний хэзээ ч төсөөлөөгүй олон үйл явдал болж өнгөрсөн дуулиантай жил байлаа. Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их цус урсгасан "шинэ" дайн эхэлж, Хятад улсад тун ховор болдог эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Европ тивд цельсийн +47 градуст хүрсэн хэт халалт удаан үргэлжилж, дэлхийн нийт хүн ам найман тэрбумд хүрсэн гэхчлэн бид энэ богино хугацаанд маш их зүйлийг туулж өнгөрөөжээ. Иймээс уншигч та бүхэнд энэ онд болж өнгөрсөн онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.   


2022.02.24

ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлснээр хоёр улсын хоорондох дайн албан ёсоор эхлэв. Анх 2014 онд Украинд Маиданы хувьсгал болсон үеэс эхэлсэн Орос болон Украин улсуудын сөргөлдөөн ийнхүү даамжирч дэлхий нийтийг цочирдуулсан дайн болон хувирсан нь энэ.


2022.03.27

94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин, комедиан Крис Рок шилдэг баримтат киноны ялагчийг зарлахдаа Жада Пинкетт-Смитийн үсний талаар элэглэсэнд Уилл Смит дургүйцэж, улмаар тайзан дээр гарч түүнийг алгадсан нь дэлхий даяар шуугиан тарив. Тэрээр энэхүү үйлдэлдээ уучлалт гуйсан ч Академийн зүгээс зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээ 10 жилийн турш хасуулсан юм.


2022.05.12

Одон орон судлаачид манай галактикийн төвд байрлах хар нүхний зургийг анх удаа авч, олон нийтэд ил болгов. Сүүн замд орших "Sagittarius A" нэртэй энэхүү хар нүх нь нарнаас дөрвөн сая дахин хүнд масстай бөгөөд дэлхийгээс 26 мянган гэрлийн жилийн зайд оршдог гэнэ.


2022.06.24

АНУ-ын Дээд шүүх Үндсэн хуулиар олгогдсон байсан эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг цуцалж, муж улсууддаа бие даан шийдвэрлэх эрхийг олгов. Энэхүү шийдвэрийг ерөнхийлөгч Жо Байден, Ардчилсан намын гишүүд болон маш олон алдартнууд эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсэн билээ.


2022.07.08

Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо парламентын дээд танхимын сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр олон нийтэд хандан үг хэлж байхдаа хүзүү болон цээжин тус газраа хоёр удаа буудуулж 67 насандаа таалал төгсөв. Тэрээр тус улсын ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан эрхэм байсан бөгөөд Монгол улсад нийт зургаан удаагийн айлчлал хийж байжээ.


2022.09.08

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Тэрээр НХУ болон Хамтын нөхөрлөлийн орнуудыг 70 жилийн турш удирдсан бөгөөд түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хатан хаан юм.


2022.10.27

Илон Маск албан ёсоор Twitter компанийг эзэмшиж эхлэв. Энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн хэлэлцээр ийнхүү Илон Маскийн талд эцэслэн шийдэгдэж, тэрээр 400 сая гаруй хэрэглэгчтэй платформыг 44 тэрбум ам.доллараар өөрийн болголоо.


2022.11.15

Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрэв. 11 жилийн дотор дэлхийн хүн ам нэг тэрбумаар нэмэгдсэн нь харьцангуй хурдацтай үзүүлэлт болсон билээ.


2022.11.20

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хөл бөмбөгийн ДАШТ энэ жил анх удаа өвлийн улиралд, мөн анх удаагаа Ойрх дорнодын бүс нутагт буюу Катар улсад болж өнгөрлөө. Түүнчлэн ДАШТ-ий түүхэнд анх удаа эмэгтэй хүн шүүгчээр ажилласан нь Францын шүүгч Стефани Фраппарт байлаа.


2022.12.03

Исламын Бүгд Найрамдах Иран улс эмэгтэйчүүд олон нийтийн газар явахдаа толгойн алчуур буюу хижаб заавал зүүх ёстой талаарх удаан хугацаанд мөрдсөн хуулийн заалтаа эргэн харахад хүрэв. Учир нь 22 настай Махса Амини гэх охин хижаб өмсгөлөө буруу өмссөн гэх шалтгаанаар ёс зүйн цагдаад баривчлагдаж, улмаар амь насаа алдсан явдал нь Ираны ард түмэн, тэр дундаа эмэгтэйчүүдийг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн билээ. Хоёр сарын турш үргэлжилсэн энэхүү жагсаалын үр дүнд Иран улсын эрх баригчид хижаб өмсгөлийн талаарх хуулийг ахин хэлэлцэх болсноос гадна, ёс зүйн цагдаагийн албыг татан буулгасан нь тус улсын түүхэнд бичигдэх томоохон үйл явдал болсон юм.

Buro.Mongolia

2022-12-28, 18:03