Хайх

Контемпорари уран бүтээлч Люси Льюгийн бүтээлүүдийг харцгаая

Контемпорари уран бүтээлч Люси Льюгийн бүтээлүүдийг харцгаая

Холливүүдийн жүжигчин бүсгүй 1993 оноос эхлэн дүрслэх урлагийн ертөнцөд хөл тавьжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Тийм ээ, тэр бол "Биллийг Устга", "Чарлигийн Сахиусан Тэнгэрүүд" болон бусад олон киногоороо бидэнд танигдсан жүжигчин Люси Лью мөн! Гэхдээ тэрээр сүүлийн үед кино урлаг төдийгүй дүрслэх урлагийн салбарт хүч түрэн орж ирж байна. Тодруулбал жүжигчин бүсгүй Энэтхэгийн уран бүтээлч Шубиги Раотой хамтран "Unhomed Belongings" (Орон гэргүй эд хогшлууд) нэртэй үзэсгэлэнгээ Сингапурын үндэсний музейд танилцуулж эхлээд байгаа юм.

"Unhomed Belongings" нэртэй энэхүү үзэсгэлэн нь түүний 2001 оноос эхлэн бүтээсэн үзмэрүүдээс бүтжээ. Үзмэрүүд дунд төрөл бүрийн уран зураг, торгон цоолтуур, инсталляци, коллажийг харж болох ч үзэсгэлэнгийн цөм нь жүжигчин бүсгүйн гудамжнаас олсон эд зүйлсээс бүрдэж байна. Жишээ нь тэрээр Италийн нэгэн хэвлэлийн компанийн хаях гэж байсан номуудыг авч, хуудаснуудыг нь нүхлэн дотор нь гудамжнаас олсон Tic Tac чихрийн хайрцаг, өнгө, өнгийн цахилгаан утаснуудыг байршуулжээ. Энэ талаар "Хаягдсан эд зүйлсийг харахад надад их гунигтай санагддаг учраас би тэднийг газраас түүж авдаг. Өмнө нь би эдгээр эд хогшлыг хайрцагт хийдэг байсан бол одоо номонд хадгалдаг болсон. Үзэсгэлэнгийн гол санаа нь хаягдсан эд хогшилд "орон гэр" олж өгөх юм. Эд зүйлсийг номонд байршуулахад тэд байх ёстой байрандаа очсон юм шиг санагддаг" хэмээн тайлбарлажээ.

Энэхүү үзэсгэлэн нь Люси Льюгийн анхны уран бүтээл биш юм. Тэрээр 1993 оноос эхлэн АНУ, Их Британи, Канад, Герман зэрэг улс орнуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ танилцуулж иржээ.

"Unhomed Belongings" үзэсгэлэн Сингапурын Үндэсний музейд 2019 оны хоёрдугаар сарын 24 хүртэл танилцуулагдах болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх