Хайх

Үзэхээсээ өмнө унших: 2019 онд кино болон гарах 10 ном

Үзэхээсээ өмнө унших: 2019 онд кино болон гарах 10 ном

Сонгодог, аймшгийн, триллер, уран зөгнөлт ба бусад

Text: Бюро 24/7


Номын хорхойтнуудад энэ жил кино театрыг зорих шалтгаан хангалттай олдох болно. Учир нь 2019 онд ч мөн адил төрөл бүрийн жанрын номууд дэлгэцийн бүтээл болон гарах гэж байна. Эдгээр бүтээлүүдийг кино театруудад нээлтээ хийхээс нь өмнө уншиж үзэхэд илүү сонирхолтой байх болов уу.

Where'd You Go, Bernadette

Хэзээ: Гуравдугаар сарын 22

Америкийн зохиолч Мария Сэмпл "Arrested Development" цувралын зохиолыг бичсэн гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан юм. Түүний 2012 онд хэвлэн гаргасан энэхүү хошин номонд 15 настай Би Брэнч хэмээх охины ээж нь гэр бүлийн аяллын өмнө ор сураггүй алга болж буйгаар өгүүлдэг. Хэдийгээр энэхүү зохиол нь учир битүүлэг үйл явдлууд, хошин сэдвээр дүүрэн байх боловч үнэн хэрэгтээ гэр бүл, хүмүүсийн хоорондын харилцааны тухай өгүүлдэг бүтээл юм. Уг зохиолын дэлгэцийн хувилбарт Кейт Бланшетт, Кристен Уиг нар тоглосон байна.

Pet Semetary

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 5

Түнэр харанхуйн их мастер Стивен Кингийн энэхүү бүтээл 30 гаруй жилийн турш уншигчдыг айдаст автуулсаар байгаа билээ. Зохиолд нэгэн гэр бүл Мэн мужийн нэгэн алслагдсан хотод нүүж ирэн, тэжээвэр амьтдын оршуулгын газрын ойролцоо суурьшдаг. Гэхдээ тэд удалгүй энд нүүж ирсэндээ харамсаад ч барахгүй. Ерөнхийдөө Стивен Кингийн бүтээлүүдийг амжилттай кино болгосон маш цөөн найруулагчид бий. Харин энэ удаад Кевин Колш, Деннис Уидмайер нар тэдгээр найруулагчдын тоонд багтаж чадах эсэхийг бид дөрөвдүгээр сард олж мэдэх болно.

The Aftermath

Хэзээ: Гуравдугаар сарын 19

Дэлхийн II дайны дараах Германд зохиолын үйл явдал өрнөнө. Рэйчел ба түүний нөхөр Английн хурандаа Льюис Морган нар эргэн учирч, хамт амьдардаг ч хосууд нэгэн бэлэвсэрсэн Герман эр ба түүний охинтой байраа хуваалцах шаардлага гардаг. Улмаар тэд хайр дурлал, хүсэл тачаал, урвалт гээд хүний амьдралын адармаатай зүйлстэй нүүр тулна. Киноны гол дүрд Кира Найтли, Александр Скарсгард, Жейсон Кларк нар тогложээ.

The Rhythm Section

Хэзээ: Хоёрдугаар сарын 22

Марк Бернеллын бичсэн энэхүү триллер зохиолын кино хувилбарт жүжигчин Блэйк Лайвли ба Жуд Лоу нар тоглосон байгаа. Үйл явдалд Стефани Патрик нэртэй бүсгүй гэр бүлийг нь хөнөөсөн онгоцны осол үнэн хэрэгтээ осол биш байсныг олж мэднэ. Бүсгүй үнэнийг олж, гэмт хэрэгтнүүдээс өшөө авахын тулд тагнуулын байгууллагад элсэхээр шийддэг.

The Good Shepherd

Хэзээ: Гуравдугаар сарын 22

Английн зохиолч Сесил Скотт Форестерын 1955 онд бичсэн сонгодог зохиолд Дэлхийн II дайны үед АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцны удирдагч, ахмад Краусын тухай өгүүлдэг. Тэрбээр дайны хор уршиг, дотоод зөрчил, хүндхэн сонголтуудтай нүүр тулна. Киноны гол дүрийг Том Хэнкс бүтээснээс гадна, тэрээр продюсерын үүргийг давхар гүйцэтгэсэн байгаа.

The Visible Filth

Хэзээ: Гуравдугаар сарын 29

Үйл явдлыг маш бодитоор дүрсэлж чаддагаараа алдартай зохиолч Натан Бэллингрудын энэхүү номонд Уилл нэртэй нэгэн залуу гар утас олсноор үйл явдал эхэлнэ. Төд удалгүй утсанд хачирхалтай зурвасууд тасралтгүй ирж, үүгээр ч зогсохгүй тэрээр утсанд хадгалагдаж буй аймшигтай видео ба зургуудыг үзсэнээр амьдрал нь хар дарсан зүүд болон хувирдаг. Бэллингрудын зохиолоос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кинонд Дакота Жонсон, Арми Хаммер нар тоглосон байна.

The Goldfinch

Хэзээ: Аравдугаар сарын 11

Америкийн зохиолч Донна Тарттын энэхүү бүтээл нь 2014 онд Пулитцерын шагнал хүртэж байсан юм. Номонд 13 настай хүү ээжийнхээ хамт террорист халдлагад өртсөнөөр амьдрал нь орвонгоороо эргэж байгаа тухай өгүүлдэг. Харин энэхүү түүхийг Энсел Элгорт, Николь Кидман ба Сара Полсон нар дэлгэцнээ амилуулах болно.

Artemis Fowl

Хэзээ: Наймдугаар сарын 9

Хэрэв та "Харри Поттер"-ын шүтэн бишрэгч бол танд Оуэн Колферын энэхүү бүтээл таалагдах болно. Нийт найман бүлэгтэй цуврал номын анхны зохиолд гэмт хэргийн бүлэглэлийн өв залгамжлагч болох Артемис Фаул хэмээх 12 настай хүү ид шидийн ертөнцөд нэвтэрч буй тухай гардаг. Кинонд Жуди Денч, Хонг Чау, Фердиа Шоу нар гол дүрийг бүтээжээ. Сонирхуулахад "Харри Поттер ба Нууц өрөө" кинонд профессор Локхартын дүрийг бүтээсэн Английн алдарт жүжигчин, найруулагч Кенет Брана тус киноны найруулагчаар ажилласан юм.

The Woman in the Window

Хэзээ: Аравдугаар сарын 4

А.Ж.Финний бичсэн энэхүү зохиолд задгай орон зай, олон нийтийн газраас айх өвчтэй Анна гэдэг бүсгүй гэрээсээ огт гаралгүй, цонхоороо орчин тойрныг ширтэж өдөр хоногийг өнгөрөөдөг. Гэхдээ нэгэн өдөр тэрээр харах ёсгүй зүйлээ харснаар энэ байдал эрс өөрчлөгдөх болно. Жо Райтын найруулсан бүрэн хэмжээний кинонд Эми Адамс, Гэри Олдман нар гол дүрийг бүтээжээ.

Little Women

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 25

Америкийн нэрт зохиолч Луиза Мэй Олкоттын "Little Women" нэртэй хоёр ботиос бүрдсэн ном 1868-1869 оны хооронд хэвлэгдэн гарч байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тус номыг дэлхийн сая, сая бүсгүйчүүд уншсаар байгаа юм. Номын үйл явдал Америкийн иргэний дайны үед өрнөдөг бөгөөд Мег, Жо, Бет, Эми гэх дөрвөн өөр зан авиртай эгч дүүсийн адармаатай амьдралын түүхийг өгүүлдэг. "Little Women" зохиол 1994 онд бүрэн хэмжээний кино болон гарч, тухайн үедээ Оскарын наадмын гурван төрөлд нэр дэвшиж байсан юм. Харин энэ удаад шинэ хувилбарыг Гретта Гервиг найруулж, гол дүрд нь Эмма Уотсон, Сирша Ронан, Мерил Стрип, Тимоти Шаламе зэрэг жүжигчид тогложээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх