Хайх

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ

Арга хэмжээг дотроос нь харцгаая

Text: Г.Тэмүүлэн


Өнгө өнгийн гэрлээр солонгорон гялалзах үзэсгэлэнт чимэглэлүүд Лондон хотын төвийг бүрхэж, агаарт хүртэл ид шидийн мэт ер бусын уур амьсгал бүрджээ. Баярын уур амьсгал аль хэдийнээ орсон эл хотод энд тэндгүй монгол дээлтэй хүмүүс алхан, бүр гудамжаар нь морьтон баатрууд хүртэл сүр жавхлантайгаар шогшин үзэгдэх нь тун чиг содон бас сониучхан. Уэст Эндийн эргэн тойронд урлагаар хөглөгдөхөөр алс холоос зорин ирсэн орон орны зочид, уран бүтээлээ толилуулахаар шаргуу хөдөлмөрлөж буй эрхмүүд аль эсвэл монгол урлагаар амьсгалахыг хүссэн хотын уугуул иргэд хуран чуулж, тэдний харин чин зорилго нь “Монгол Хаан” жүжгээр дамжуулан монгол театрын гайхамшгийг мэдрэхээр нэгдсэн байв.

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 1)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 2)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 3)

“Монгол Хаан” жүжгийн албан ёсны нээлтэд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх, мөн их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн гэргий С.Баасан болон Монголын урлаг соёлын салбарын нөлөө бүхий эрхмүүд Лондонгийн Колизей театрт хуран цугларсныг дурдъя.

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 4)
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 5)
Бавуугийн Лхагвасүрэн гуайн гэргий С.Баасан

Театрын эх орон гэгддэг Английн алдарт Уэст Эндийн хамгийн том буюу 2,359 хүний суудалтай Колизей театрт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн сонгодог бүтээл “Тамгагүй Төр” жүжиг “Монгол Хаан” нэртэйгээр, шинэчилсэн найруулгаар үзэгчдийн өмнө амилж ийнхүү сүр дуулиантайгаар нээлтээ хийх нь тэр. Хүннү гүрний агуу түүхийг дүрслэн харуулсан гурван бүлэгт, зургаан үзэгдэлтэй энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагчаар Hero Entertainment-ээр овоглодог Б.Баатар ажиллаж, 200 гаруй уран бүтээлч хоёр жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд “Монгол Хаан” Монголын урлагийн түүхэнд тэр дундаа театрын урлагт мөн улсынхаа урлаг соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх хүндэт хэр нь хариуцлагатай ажилд томоохон хувь нэмрийг оруулж чадлаа. Мөн Монгол улс Их Британи улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан тоглогдож байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой уг жүжиг нь мөн арилжааны шугамаар олон улсын зах зээлд гарч ирж байгаа анхны томоохон хэмжээний төсөл болохыг онцолъё.

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 6)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 7)

Ийм л түүхэн болоод соёлын өндөр ач холбогдолтой “Монгол Хаан” жүжгийг бүтээхэд Монгол болон Английн уран бүтээлчдээс бүрдсэн нүсэр баг гар бие оролцож, зохион байгуулалт, продакшн, дизайн, жүжиглэлт гээд бүх талаараа асар өндөр түвшинд бэлтгэгдэж бүтээгдсэнийг жүжигчдийн бэлтгэлээс эхлээд үзэгчдийн өмнө толилуулах хүртэлх бүх үйл явцыг Колизей театрын тайзны ард өөрийн биеэр очиж, нүдээр харсан сэтгүүлч миний бие дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Иймд бүжигчдийн ур чадвар, тайз засалт, костюм дизайн, бүжиг дэглэлт, зохиол, өрнөл гээд эл жүжгийн деталь бүр нь сүрдмээр бас биширмээр.

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 8)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 9)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 10)

Жүжгийн нээлт албан ёсоор эхэлж хүрэлцэн ирсэн зочид танхимд байр байраа эзлэн суухад төдхөн гэрэл унтарч хөшиг нээгдэн тун удалгүй биднийг 2,000 жилийн өмнөх Хүннү гүрэнд авчрав. Хоорондоо хөгжилдөн бүжих хоёр үнэг жүжгийг эхлүүлж улмаар бидэнд акробатчид, уран нугараачид, бүжигчид, жүжигчид, дуучдаас бүрдсэн 70 гаруй уран бүтээлчид театрын гайхамшгийг үзүүлэв. Жүжгийн турш Арчуг хааны дүрийг амилуулахдаа төрийн тэргүүн, эцэг хүний дүрийг чадварлагаар хослуулан бүтээсэн Г.Эрдэнэбилэг, ердөө хоолойн өнгөнөөс нь л эх хүний шаналал, асар их ганцаардлыг мэдэрч болмоор Цэцэр хатны дүрд тоглосон У.Уранчимэг, хаан ширээг өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцдаггүй Эгэрэг түшмэлийн дүрд гайхалтай хувирсан С.Болд-Эрдэнэ, эрс тэс зан араншинтай, эрх танхил Ачир хүүгийн дүрийг өөр жүжигчнээр төсөөлөх ч боломгүй болтол чадварлагаар жүжиглэсэн Ш.Доржсүрэн, эмгэнэлт тавилантай Хүчир хүүгийн дүрийн эзэн Б.Шинэбаяр, уян зөөлөн, үзэсгэлэнт Гүргэл хатныг өөрийн хувилбараар харуулсан О.Дөлгөөн нарт томоос том баяр хүргэх нь зүйтэй. Эдгээр жүжигчдийн амнаас урсан гарах уран яруу үг бүрийг нь үзэгчид шимтэн сонсож, үйл хөдлөл бүрийг нь таалан соёрхож, сэтгэл хөдлөл бүрийг нь дүрийнх нь дотор ороод гарсан мэт мэдэрч чадсан нь тэдний ур чадвар, авьяас билиг ямар түвшинд байсныг илтгэх биз ээ. Хором мөч бүрд хувьсах жүжигчдийн сэтгэл хөдлөл, дотроос нь буцалж буй тэрхүү мэдрэмжийг нь харин ээлжлэн солигдох нүд баясгам костюмтай авьяаслаг бүжигчид нэг ч үг дуугарахгүйгээр зөвхөн уян налархай, эрч хүчтэй хөдөлгөөнөөрөө үзэгчдэд дамжуулж, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээхийн сацуу улам бүр сүрлэг болгож байлаа. Сэтгэл хөдлөлийг савлуулж хайр сэтгэл, атаа хорсол, хагацал харуусал, шунал тачаал гээд янз янзын эмоцийг үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэтэл мэдрүүлж, оюуны таашаал хүртээсэн уг бүтээлийн үзэгдэл бүрийг нь шимтэн үзэхдээ монгол уран бүтээлчдийнхээ авьяас чадвар, нөр их хөдөлмөрийг оюун бодолдоо магтан шагшиж, огших, бахархах мэдрэмж ээлжлэн төрж байсныг тэмдэглэе.

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 11)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 12)

Түүнчлэн “Монгол Хаан” жүжгийг үзэгчдийн суудлаас 200 гаруй олон улсаас хүрэлцэн ирсэн сэтгүүлч, шүүмжлэгч нар таалан соёрхсон билээ. Тэдгээр мэргэжилтнүүдийн өөрсдийн өнцгөөс дүн шинжилгээ хийсэн олон арван шүүмж нийтлэлүүд цувран гарсаар байгаа юм. Ингэхдээ жүжигт өгсөн үнэлгээ 1-5 одын хооронд хэлбэлзжээ. Хэрцгий, хэтрүүлэгт, сунжирсан гэхчлэн сөрөг сэтгэгдлүүд давамгайлсан ч сэтгэл хөдөлгөм, уулга алдам зэргээр сайшаасан үнэлгээ ч мөн харагдлаа. Шүүмж дунд хэдий хар цагаан хосолсон ч юун түрүүнд бидний оюуны бүтээлийг олон улсын түвшинд хэлэлцэж байгаа нь өөрөө монголын театрын хөгжилд төдийгүй соёлын дархлаа улам бэхжихэд ач холбогдолтойг онцлох нь зүйтэй.

Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 13)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 14)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 15)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 16)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 17)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 18)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 19)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 20)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 21)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 22)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 23)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 24)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 25)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 26)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 27)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 28)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 29)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 30)
Лондон хотын Колизей театрт “Монгол Хаан” жүжиг нээлтээ хийлээ (фото 31)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх