Хайх

Facebook ба ухаалаг спикерүүд хайр дурлалын харилцаа хэзээ төгсөхийг урьдчилан таамаглаж чадна

Facebook ба ухаалаг спикерүүд хайр дурлалын харилцаа хэзээ төгсөхийг урьдчилан таамаглаж чадна

Хэдийгээр компаниуд үүнийг ашиглахгүй байгаа ч технологи нь аль хэдийнэ нэвтэрчээ

Text: Бюро 24/7


Зураг:

Романтик харилцаа хэрхэн үргэлжлэхийг таамаглах маш хэцүү. Учир нь харилцаа бүр өөр бөгөөд үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь маш олон хүчин зүйлсээс шалтгаалдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Гэсэн хэдий ч эрдэмтэд хайр дурлалын харилцаанд дүгнэлт хийдэг математикийн модель бүтээхийг нэг бус удаа оролдож байсан юм. 

Тэгвэл асар их хэмжээний мэдээлэлтэй ажилладаг технологийн компаниуд ба олон нийтийн сүлжээнүүд эрдэмтдийн энэхүү оролдлогыг шинэ түвшинд гаргах боломжтой гэдгийг Vox вебсайт мэдэгдээ. Жишээ нь "The Facebook Effect" нэртэй номонд Марк Цукерберг их сургуулийнхаа хосуудын харилцааг 33% оновчтойгоор таамаглаж чаддаг нэгэн программ боловсруулж эхэлж байсан тухай дурджээ.

2013 онд Facebook компанийн хөгжүүлэгч Ларс Бэкстром ба Корнеллын их сургуулийн эрдэмтэн Жон Клянберг нар урт удаан хугацаанд үргэлжилдэг харилцааны гол хүчин зүйлсийн талаар судалгаа хийж байв. Тэдний боловсруулсан модель тухайн хайр дурлалын харилцаа яг хэзээ төгсөхийг 60% хүртэлх нарийвчлалтай тооцоолж байжээ. Мөн эрдэмтэд дараа, дараагийн судалгаанууддаа олон нийтийн сүлжээний сая, сая хэрэглэгчдийн статуст (2008-2011 оны хооронд) дүн шинжилгээ хийсэн байна.

Олон нийтийн сүлжээнээс гадна дуу хоолойгоор удирддаг ухаалаг спикерүүд болон бусад гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд ч хувийн мэдээллийг ашиглах боломжтой аж. Энэ талаар 2018 онд eHarmony ба Лондон дахь Эзэнт гүрний бизнесийн коллежийн хамтарсан илтгэлд дурджээ. Мэргэжилтнүүдийн онцолсноор эдгээр ухаалаг төхөөрөмжийн программ нь эздийнхээ хувийн яриаг "чагнаснаар" тэдний харилцааны бат бөх байдлыг дүгнэж, тэр ч бүү хэл энэ талаар зөвлөгөө өгөх чадвартай гэнэ. Эрдэмтэд 2017 онд дуу хоолойгоор удирддаг "хувийн туслахууд" болон 134 хосыг хамарсан туршилтад дээр тулгуурлан ийм дүгнэлтэд хүрчээ. Хосуудын ярианаас үндэслэн тэдний харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхийг ухаалаг спикер 79% нарийвчлалтай тодорхойлж чадсан байна.

Гэхдээ мэргэжилтнүүд ч тэр, компаниуд ч тэр энэхүү технологи нь тэдний бүтээгдэхүүнд нэвтэрсэн гэдгийг хэлэхгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцэн ийм төрлийн технологи байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болж, нэг л өдөр ашиглагдаж эхэлснийг олон нийтэд албан ёсоор зарлагдана гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа билээ.

Дэлхий томоохон компаниудад таны хувийн харилцаа ямар хамаатай юм бэ гэж үү? Хамгийн оновчтой хариулт нь мэдээж хэрэг танаар худалдан авалт хийлгэх. Учир нь ихэвчлэн хүмүүс маш хүнд салалтын дараа дэлгүүр хэсэж, худалдан авалт хийх хандлагатай байдаг аж. Дашрамд дурдахад Facebook олон нийтийн сүлжээ таны статус өөрчлөгдсөнийг шууд мэддэг бөгөөд улмаар ганц бие хүмүүст зориулсан сурталчилгаа идэвхжүүлдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх