Эрт хөгшрөлтөөс таныг юу аврах вэ?

Арьстайгаа дайтах ба эвлэрэх

Бүх л эмэгтэйчүүдийг айдаст автуулдаг эрт хөгшрөлтийн талаар бяцхан яриа дэлгье

Хэрвээ та эрт хөгшрөлтөөс айдаг, тэгээд аль хэдийнэ залуужуулах тос ихээр хэрэглээд эхэлсэн бол "Таны арьс тосгүйгээр ямар байдгийг санаж байна уу?" гэсэн энэ асуултанд хариулаад үзээрэй.  Учир нь таны арьс юу "ярьж" байгааг эхлээд сонсож сурах хэрэгтэй. 

Та хэд хоног тос түрхэхгүй явахад таны арьс таталдаж, өөр ямар нэгэн эвгүй мэдрэмж төрөхгүй байна уу? Тэгвэл таны арьс тосгүйгээр байх нь зүгээр юм байна. Эсвэл эсрэгээрээ таны арьс тос "нэхэж" байна уу? Тэгвэл арьсанд тань мэргэжлийн тусламж хэрэгтэй. 

Хэрвээ та эрүүл, тэгш, гэгээлэг гэрэлтсэн арьстай бол таны гол үүрэг бол зүгээр л энэ байдлыг нь хадгалж, үлдээх. Үүний тулд цэвэрлэгээ сайн хийж, тэжээл өгч, чийгшэл болон нарнаас хамгаалж арьсныхаа тэнцвэрийг хадгалах хэрэгтэй.

Харин таны арьсан дээр гүн үрчлээ, толбо, арьсны бүтэц эрс муудах гэх мэт хөгшрөлтийн шинж тэмдэгүүд аль эрт гарч эхэлсэн бол зөвхөн хөгшрөлтийн эсрэг тос хэрэглээд нэмэргүй. Тиймээс гоо сайхны мэргэжилтэн дээр очиж өнөөдрөөс энэ асуудлаа шийдэж эхлэх хэрэгтэй. 

Магадгүй та олон эмэгтэйчүүд хоорондоо зарим гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд муу гэж ярилцахыг сонссон байх. Тэд "Их будах арьсанд муу болохоор би эрт хөгшрөхийг хүсэхгүй байна" гэх юм уу, эсвэл "Нүдний тень зовхины арьсыг сулруулдаг " гэх мэтээр зөндөө ярилцаж байдаг. Гэвч бид XXI зуунд амьдарч байна. Гоо сайхны салбар урагш алхаж, чанартай нүүрний будаг арьсыг цочроож, гэмтээхээргүй болсон. Бидний эргэн тойронд маш олон ашигтай сайн зүйлс гарсан байгаа болохоор хамгийн гол нь өөрт тохирохыг л олох хэрэгтэй. Тэд арьсыг гэмтээх биш харин ч илүү их амин дэм өгч, чийгшлийн тэнцвэрийг хадгалахад нэмэр болдог юм. 

Тэгэхлээр ямар нэгэн будаг хэрэглэхдээ хамгийн түрүүнд бүтэц, найрлагыг нь анхаарах хэрэгтэй. Жишээ нь нүдний тень хэдий их нягт, хүнд байна төдий чинээ таны арьсыг сулруулах болно.

Хэрвээ та агаар, салхи муу солигддог өрөөнд өглөөнөөс орой хүртэл суудаг, силикон их агуулсан будаг болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ нь таны арьсанд огт сайн нөлөө үзүүлэхгүй. Арьс тань дараа нь батга болон гүн үрчлээгээр танд эсэргүүцэл үзүүлснээ мэдэгдэх болно. Энэ асуудал юуны түрүүнд арьсыг эрт хөгшрөлтөд хүргэж, нарны хэт ягаан туяанд илүү их мэдрэмтгий болгодог. Тэгэхээр ажлын цагаар бага будах, эсвэл зөв будаг сонгох, нар салхи үзэх гэсэн сонголтууд танд байна. 

Тэгэхдээ танд одоохондоо юунаас ч айх хэрэг байхгүй гэдгийг санаарай. Хамгийн гол нь дэлгүүрийн худалдагч болон, найзуудын хувийн туршлагаас илүү таны арьс юу "хэлж" байгааг ойлгож, арьсны эмчийн зөвлөгөөг сайн сонсоорой. Үрчлээ болон хөгшрөлт нэг өдрийн дотор бий болдоггүй. Тиймээс та өөрийнхөө арьсны эрүүл, залуу байдалд эртнээс зөв анхаарал хандуулж чадвал төдий чинээ эрт хөгшрөлтөөс сэргийлж чадна. 

Buro.Mongolia

2015-11-02, 11:00

  • Зураг: