Оскар 2024: Улаан хивсний ёслол дээр тогтсон гоо сайхны чиг хандлагууд

Оскарын улаан хивсний ёслолын чухал бүрэлдэхүүн хэсэг бол яахын аргагүй алдартнуудын гоо сайхны төрх билээ. Энэ бол нүүр будалтын артистууд, үсний стилистүүд болон маникюрын артистуудын чадвар, уран сэтгэмжийг харуулдаг томоохон талбарын нэг юм. Ингээд энэ жилийн ёслол дээр зонхилсон гоо сайхны чиг хандлагуудыг харцгаая. 


Дээш шуусан үс

Хэрэв 2023 онд доор шуусан цэмцгэр үсний засалт ноёрхлоо тогтоож байсан бол энэ жилийн хувьд сонгодог засалтуудын нэг болсон дээш шуусан үс улаан хивсний ёслол дээр зонхиллоо. Тус хэв маягийг Габриэль Юнион, Исса Рэй, Лаверна Кокс нар харуулсан бөгөөд бүгд гельдэж самнасан цэмцгэр хэв маягтай болжээ. Харин урд талын үсийг хэсэгчлэн доош унжуулсан илүү чөлөөт засалтыг Майтреи Рамакришнан хэрэгжүүлсэн байна.

Gabrielle Union
Issa Rae
Laverne Cox
Maitreyi Ramakrishnan

Тоорын шаргал өнгө

Pantone өнгөний институтээс зарласны дагуу тоорын шаргал өнгө 2024 оныг тодорхойлно. Загвар, интерьер, гоо сайхан гэхчлэн бүх салбарынхан энэхүү өнгийг анхааралдаа авсан ба ийнхүү энэ жилийн Оскарын улаан хивсний ёслол дээр ч мөн чиг хандлага тогтоолоо. Зөөлөн туяатай тоорын шаргал өнгө нь Зендея, Жулианна Хаф, Хейли Стайнфелд нарын хацар өнгөлөгчид тусгалаа олжээ. Ингэхдээ тус хацар өнгөлөгч маш олон төрлийн арьсны өнгөтэй нийцдэг болох нь харагдана.  

Zendaya
Julianne Hough
Mary Steenburgen
Hailee Steinfeld

“⅔” үсний хуваалт

Үсний дийлэнх хэсгийг нэг тал руу нь оруулж хуваах засалтыг олон алдартнууд хэрэгжүүлжээ. Хэрэв үсний тэгш хуваалт анхаарлыг нүд болон уруул руу хандуулдаг бол тус засалт нь нүүрний хажуу хэсэг болох шанаа, хацрын ясыг улам тодруулдаг ач холбогдолтой юм. Энэ төрлийн хэв маягаар төрхөө тодорхойлсон хүмүүсийн нэг болох Даниэль Бруксын имиж дээр хамгийн нөлөө бүхий хар арьстай үсний стилист гэгддэг Тиш Селестин ажилласнаараа онцлог болжээ.

Danielle Brooks
America Ferrera
Florence Pugh

Натурал будалт

Нүүр будалтын ерөнхий өнгө аяс тухайн хүний байгалийн төрхийг тодотгосон улам натурал, минимал болж буй. Энэхүү чиг хандлага Оскарын наадам дээр ч мөн ажиглагдсан бөгөөд Эмма Стоун, Билли Айлиш гэхчлэн алдартнууд натурал мейкапын давлагаанд нэгджээ. Тэдний мейкап артистууд нүүр будалтын суурийг маш цэмцгэр, өө сэвгүй бүтээх дээр дийлэнх анхаарлаа хандуулсан байна.

Emma Stone
Billie Eilish
Michelle Yeoh
Greta Lee

Buro.Mongolia

2024-03-11, 12:06