Velin сэтгүүл: Эрдэс бодис болон олон төрлийн витамины зохисгүй хэрэглээ
Витамин болон эрдэс бодисын илүүдэл хэрэглээ нь охид бүсгүйчүүдийн нийтлэг гаргадаг алдаа болж байгааг би хамгийн ойрын жишээ болох нагац эгчээсээ олж мэдэв. Эгч маань сүүлийн жилүүдэд тогтмол хэрэглэж буй амин дэм, эрдэс бодис бүрээ нэг бүрчлэн тайлбарлаж, Монгол орны хатуу ширүүн уур амьсгал, ажлын их ачаалалтай холбон учирлав. Гэвч гал тогооны ширээний нэг буланд эгнүүлэн өрсөн 10 гаруй хайрцаг витамин, эрдэс бодисыг хараад би өөрийн эрхгүй мэл гайхав. Анагаах ухааны суурь мэдлэгтэй миний номын дуу ч эгчийн минь итгэл үнэмшлийг үгүйсгэх амаргүй байлаа. Тэрээр өөрийгөө “насан туршийн витаминжуулалтын аян”-д нэгэнт элсүүлжээ. Тэр дундаас хамгийн том савтай, анхаарал татсан бүтээгдэхүүнийг авч үзвэл

C витамины шахмалыг дээд тунгаар ууж хэрэглэх нь та өдөр бүр 60 ширхэг жүрж идсэнтэй тэнцэнэ
Дан ганц нагац эгчээр минь дуусахгүй бусад олон эмэгтэйчүүд өндөр тунтай С витаминыг өдөр тутамдаа хэрэглэдэг нь гарцаагүй гэх бодол төрлөө. Үнэхээр ч С витаминыг “хараад л авдаг”, арьсаа цайруулах, дархлаагаа дэмжих нэрийн дор шууд хэрэглэх нь түгээмэл шүү дээ. Харин бодит байдал дээр АНУ-ын зөвлөмжөөр хүний хоногт авах С витамины хэмжээ 2000 мг “ХҮРТЭЛ” гэж заасан байдаг бол Европын Холбооны орнууд хоногийн тунг нарийн тогтоогоогүй байдаг. Энэ нь нэг ижил витамин улс орон бүрт өөр өөрөөр үнэлэгддэг, олон талтай асуудал гэдгийг харуулна. Цаашлаад тухайн улсын үндэсний хүн амын аюулгүй байдалтай С витамин хүртэл холбоотой. Харамсалтай нь Монгол улсын хувьд хүний биеийн онцлогт тохирсон С витамины нарийн тунгийн судалгаа хийгдээгүй хэвээр. Энгийн жишээ дурдвал, 2000 мг С витамины шахмал нь ойролцоогоор 55-60 ширхэг жүржтэй (мандарин) тэнцэх хэмжээний агууламжтай юм. Тэгвэл монгол бүсгүй хүн та өдөр бүр 60 ширхэг мандарин идэхэд хэр зохистой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв та өглөө бүрийг шинэхэн чацарганы шүүсээр эхлүүлж, цүнхэндээ байнга жимс авч явдаг бол С витаминыг өндөр тунгаар уух нь хэрээс хэтрэх үзэгдэл болой.

Ганц С витамины жишээнээс харахад л дэлхий даяар яг таг тогтоосон тун ховор байдгийн цаана монгол бүсгүйчүүд зарим эрдэс бодисыг хэтрүүлэн хэрэглэх хандлага ажиглагдсаар байна. Бид эрдэс бодисыг “минерал” хэмээн харь хэлнээс өөрсдийн ярианд оруулсан. Минералууд нь олон төрлийн витамины найрлагад багтсан байдлаар хүлхэмэл, шингэн, шахмал хэлбэрээр хэрэглэж байна. Гэтэл витамин, эрдэс бодис бүр илүүдэл тунгаар хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлж болдог гэдгийг мартаж болохгүй.
Эрдэсжүүлсэн усанд ч хориглох заалт гэж бий

Энгийн жишээ авахад эрдэс агуулсан бүтээгдэхүүн бүү хэл ердөө эрдэст цэвэр усыг нягтлахад ч анхаарах зүйл олон. Өдөр тутамдаа бид энгийн цэвэр ус уухаас илүүтэйгээр эрдэсжүүлсэн цэвэр усыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн нь нэг талаараа сайшаалтай хэдий ч зарим эмгэгүүдийн үед хориглох заалт бий. “Шээс ялгаруулах замын эрхтэн тогтолцооны мэс засал болон холбогдох технологийн дэвшил” хэмээх олон улсын анагаах ухааны сэтгүүл, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнд бөөрний чулуугаа авхуулсан өвчтөнүүд болон бусад бөөрний шалтгаант эмгэгүүдтэй хүнд эрдэс усыг эмчийн заавраар уухыг зөвлөсөн бол 18-26 насны залуучууд эрдэс усандаа ямар бодис агуулагдаж байгааг мэддэггүй гэсэн дүгнэлт ч мөн гарчээ. Дан ганц эрдэс ус хүртэл болгоомжтой хэрэглээг шаарддаг нь бид аливаад илүү нухацтай хандах хэрэгтэйг сануулж байна. Харин эрдэс бодисын хэрэглээний хамгийн чухал сэдэв бол давс юм. Хоол ундандаа давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэйг дэлхийн бараг бүх зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар танд зөвлөнө.
Хувь хүний хувийн туршлагад үндэслэж витамин болон эрдэс бодис хэтрүүлэн хэрэглэх нь манай орны хурцадмал асуудал болсоор...
Монгол Улсад антибиотикийг эмчийн жороор олгодог болсон нь замбараагүй эмийн хэрэглээний эсрэг авч хэрэгжүүлсэн Эрүүл Мэндийн Яамны сайшаалтай бодлого. Харин биологийн идэвхт бүтээгдэхүүн ангилалд багтах витамин, эрдэс бодисын аюулгүй хэрэглээ өнөөдөр ноцтой асуудал хэвээр байна. Үүний гол шалтгаан нь инфлюенсерүүдийн хувийн туршлагад тулгуурласан сурталчилгаа болон онлайн худалдааны мэргэжлийн бус, нотолгоогүй мэдээлэл юм.

Би авга эгчээсээ эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авсан эсэхийг асуухад “би эмчид үзүүлээгүй хоёр жил болж байна, байнга очдог шүдний эмчийг эс тооцвол шүү дээ” хэмээн хариуллаа. Энэ ярианаас цахим орчин дахь буруу ташаа мэдээлэл хүмүүсийг эмчид хандахаас холдуулж буйг ойлгов. “Эрдсийн шинжилгээ өгөөд үзээрэй” гэж зөвлөхөд эгч маань гайхан “хаана өгч болдог юм бэ” гэж асуухад нь “бараг бүх эмнэлгүүдэд” хэмээн хариулсан юм. Биологийн идэвхт бүтээгдэхүүн болох эрдэс бодис витаминуудыг хэрэглэхийн өмнө заавал шинжилгээ өгөх нь зүйтэй. Учир нь зөвхөн шинжилгээгээр л бид биедээ яг юу дутагдаж байгааг бодитоор мэдэх боломжтой. Жишээ нь, кальци дутагдахад арьс хуурайшиж болдог бол коллаген хэрэглэж эхэлсний эхний өдрүүдэд ч мөн адил арьс хуурайших тохиолдол бий. Харин үүнийг мэдэлгүй “арьс хуурайшлаа” хэмээн С витамин нэмж хэрэглэх нь хэр оновчтой шийдэл вэ? Ийм нарийн ялгааг зөвхөн эмчийн дүгнэлт л танд үнэн зөвөөр хэлж өгч чадна.
Өнөө цагт витамин, эрдэс бодис нь эрүүл мэндийг дэмжих “ид шидийн шийдэл” мэтээр ойлгогдож, бодит хэрэгцээ, биеийн онцлог, шинжилгээний үр дүнг орхигдуулсан хэрэглээ түгээмэл болжээ. Гэвч биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг нь эмчилгээний зориулалттай эм биш, харин дутагдлыг нөхөх нэмэлт гэдгийг бид ухамсарлах ёстой. Илүүдэл нь дутагдлаас дутахааргүй эрсдэл дагуулдаг гэдгийг орчин үеийн анагаах ухаан нэгэнт нотолсон.


Монгол хүний биеийн онцлогт тохирсон витамин, эрдэс бодисын нарийн тун, удаан хугацааны хэрэглээний судалгаа хангалтгүй байгаа өнөө үед “олон хүн хэрэглэж байна” гэх шалтгаан нь эрүүл мэндийн зөв сонголт болж чадахгүй. Ялангуяа цахим орчин дахь мэргэжлийн бус сурталчилгаа, инфлюенсерүүдийн хувийн туршлага дээр суурилсан яриа нь хүмүүсийг эмчид хандах бус, өөрийгөө дур мэдэн “эмчлэх” зам руу түлхэж буй мэт. Эрүүл мэнд гэдэг бол тренд дагах, өндөр тунгаар витамин уух асуудал биш. Шинжилгээнд үндэслэсэн эмчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, бодит шаардлагад тулгуурласан хэрэглээ л хүний биеийг үнэхээр хамгаалж чадна. Иймд “надад үнэхээр хэрэгтэй юу?” гэсэн асуултыг өөрөөсөө эхэлж тавиад дараа нь эмчээс асуух нь хамгийн зөв алхам болой.