Сүүлийн үед TikTok платформ дээр Face Ice Bath буюу нүүрээ мөстэй усанд дүрэх тренд эрчээ авч байна. Энгийн атлаа үр дүнтэй энэхүү арга нь зөвхөн арьсны нүхжилтийг агшааж, хаван бууруулаад зогсохгүй сэтгэлзүйн хувьд тайвшруулах, стресс, түгшүүрийг бууруулах давуу талтай хэмээн загвар өмсөгч нар онцолж байна. Тиймээс өглөөг мөстэй усны сэрүүн мэдрэмжээр эхлүүлэх энэ шинэ дадлыг хэрхэн зөв хэрэгжүүлэх, ямар ашиг тустай талаар нийтлэн хүргэж байна.
Давуу тал
Арьсанд | Сэтгэлзүйд |
---|---|
Хүйтэн ус нүхжилтийг агшааж, арьсыг илүү толигор, гэрэлтсэн болгодог. | Хүйтэн усанд хүрэх үед эндорфин даавар ялгарч сэтгэл санаа дээрдэж, түгшүүрийн мэдрэмж багасдаг. |
Мөс нүүрний хаванг бууруулж, үрэвслийг намдааж, нүдний доорх хөхрөлтийг багасгадаг. | Мөстэй ус стрессийн даавар болох кортизолын түвшинг бууруулдаг. |
Хүйтэн ус цусны эргэлтэд эергээр нөлөөлдөг. | Мэдрэлийн тогтолцоо идэвхжиж, бие махбод тайвширч, стресстэй нөхцөл байдлаас хурдан ангижрахад тусалдаг. |
Товчхондоо, мөстэй ус нүүрний арьсанд шууд нөлөө үзүүлэхээс гадна сэтгэлзүйд ч эерэг өөрчлөлт авчирдаг байна. Тиймээс айдас, түгшүүрээс ангижирч, гоё сайхан арьстай болохыг хүсвэл өглөө бүрийг хүйтэн мөстэй усаар эхлүүлэхийг зөвлөж байна.
Хэрхэн зөв хийх вэ?
Алхам 1. Хүйтэн устай сав бэлтгэж, хэдэн ширхэг мөс хийнэ.
Алхам 2. Нүүрээ 10–15 секунд орчим мөстэй усанд дүрнэ. Эхэндээ таван секундээс эхлэн дүрэх ба аажмаар хугацаагаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Алхам 3. Нийт 3–4 удаагийн давтамжтай нүүрээ дүрэх явцдаа дунд нь бага зэргийн завсарлага авна.
Алхам 4. Хамгийн сүүлд нүүрээ зөөлөн арчиж, чийгшүүлэх тос түрхээрэй.
Хүн бүрт тохиромжтой юу?
Мөстэй усанд нүүрээ дүрэх нь олон давуу талтай хэдий ч энэ арга нь бүх хүнд тохирохгүй гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа мэдрэмтгий болон хуурай арьстай хүмүүсийн хувьд дээрх арга нь арьсыг улайлгах, цочроох, хялгасан судсыг хэт өргөсөх эсвэл агшаах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг анхаараарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт