2017 оны нүүр будалт: Лондонгийн чиг хандлага

Ирэх хавар-зун нүүрээ хэрхэн будах вэ?

Хиймэл сэвх, уруулан дээрх цэцэг, чийгтэй гялбаа, Египетийн контур ба улбар шар өнгөтэй smoky eyes гэх зэрэг этгээд шийдлүүд 2017 онд тренд болно

Улбар шар өнгөтэй smoky eyes

Лондонгийн загварын тайзууд дээр улбар шар уур амьсгал ноёрхлоо. Richard Malone, Shrimps, Marques'Almeida болон Versus Versace-гийн загварын шоунууд дээр моделиуд улбар шар өнгийн смоки будалтаар гоёж, олны нүдэнд маш өвөрмөц харагдаж байлаа. Хамгийн гол нь суурь нүүр будалт аль болох байгалийн өнгөтэй, минимал байж, зөвхөн нүдний будалт л тодорч байх ёстой юм. Нүднийхээ тенийг харамгүй түрхэж, уламжлалт хил хязгаарыг давахаас айлгүй, зоригтой смоки хийгээрэй. Мөн зөвхөн дээд гэлтгүй доод зовхио будахаа мартуузай.

Versus Versace SS 2017

hrimps SS 2017; Richard Malone SS 2017

Уруулан дээрх цэцэг

Rosie Assoulin маркийн нүүр хувиргагч загвар өмсөгчдийн нүүрийг цэцгэн наамлаар чимэглэсэн бол Preen by Thornton Bregazzi-гийн хамт олон бүр ч илүү бүтээлч шийдэл харууллаа. Тодруулж хэлбэл тэд моделиудын уруул ба биеийг цэцгээр бүрхжээ. Ийм маягийн уруулын будалт хийснээр юм ярьж эсвэл идэхэд хүндрэлтэй байж болох ч хүмүүсийг гайхшруулахын тулд хэсэгхэн зуур чимээгүй байсан ч яах вэ дээ, тийм ээ?

Preen by Thornton Bregazzi SS 2017

Чийгтэй гялбаа

"Хайлайтер ихэднэ гэж үгүй!" гэх уриан доор Лондонгийн нүүр хувиргагчид ажиллалаа. Peter Pilotto, Anya Hindmarch гэх зэрэг брэндүүд чийгтэй эффект бүхий гялалзсан арьсыг 2017 оны хаврын улиралд санал болгож байна. Энэ трендийг дагаснаар та илүү залуу, байгалийн дүр төрхтэй, шинэхэн харагдах болно. Мөн нүүр хэлбэржүүлэх бүтээгдэхүүнүүдэд илүү зардал гаргах шаардлагагүй болно.

Anya Hindmarch SS 2017; Peter Pilotto SS 2017

Зомби уруул

Этгээд хэв маягтай Английн дизайнер Гарет Пьюгийн танилцуулсан энэхүү зомби будалтыг Лондончууд хэзээ ч мартахгүй байх. Мэдээж хэрэг энэ будалт нь өдөр тутамд зохимжгүй ч гэлээ Хэллоуины баярт харин төгс тохирох болов уу.

Gareth Pugh SS 2017

Утсан хөмсөг

Ryan Lo-гийн загварын шоун дээр үзэгдсэн хүүхэлдэйн нүүр будалт эртний "утсан хөмсөгний" трендийг эргүүлэн авчирлаа. Зоригтой байна шүү, Ryan Lo. Хэрвээ танд ийм нүүр будалт хийх зориг хүрвэл хөмсгөө пудрээр дарж, дээд зовхио цэнхэр туяатай тениэр будаж, хөмсөгнийхөө дээгүүр нарийхан зураас татаарай. Ингэснээр таны нүд том харагдах болно.

Ryan Lо SS 2017

Египетийн контур

1963 онд "Клеопатра"-гийн дүрийг бүтээсэн Элизабет Тейлорын нүдний будалтыг санаж байна уу? Тэрхүү тод, өргөн, өвөрмөц контурууд 2017 оны хавар моодонд орно. Ashish ба Osman маркийн загварын шоу энэ трендийн хамгийн тод жишээ юм. Контур харандааг хайрцаг, хайрцгаар нь бэлдэж тавих хэрэг гарах нь дээ.

Ashish SS 2017
Osman SS 2017

Хиймэл сэвх

Лондонгийн дизайнерууд загварын тайзнаа хиймэл сэвх авчирч, загвар өмсөгчдийн нүүрийг цайвар шаргал өнгийн цэгээр бүрхсэн байлаа. Fun Affair маркийн нүүр хувиргагчид моделиудын шанааг тоорын өнгөтэй хацар өнгөлөгчөөр будаж, хиймэл сэвх зурснаар маш эрүүл бас шинэхэн төрх бүтээсэн байлаа.

Fun Affair SS 2017

Buro.Mongolia

2016-09-23, 09:00

  • Зураг: