Каннын кино наадам дээр зонхилсон үдшийн нүүр будалтын трендүүд

График дүрслэлтэй контур, будаагүй мэт будалт болон бусад

Тавдугаар сарын 18-28 хооронд кино урлагийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Каннын кино наадам амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан билээ. Наадамд уригдан ирдэг алдартнууд бүрдүүлсэн загварын болон гоо сайхны төрхүүдээрээ үргэлж биднийг гайхшируулж, шинэ чиг хандлагуудыг тогтоодог уламжлалтай. Тэд энэ удаад ч сонирхолтой бьюти санаануудыг өгч, яг одоо хэрэгжүүлж болох үдшийн нүүр будалтуудыг харууллаа.

График дүрслэлтэй контур

Белла Хадид
Алессандра Амброзио
Ева Лонгория

Улаан хивсэн дээрх нүүр будалтуудыг нүдний контургүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жил алдартнууд сонгодог нэг зураас бүхий контурын оронд өвөрмөц хэлбэртэй график контурыг сонгосон байлаа. Белла Хадид, Ева Лонгория, Алессандра Амброзио нарын хэрэгжүүлсэн аргачлалуудаас санаа аваарай.

Гялалзсан нүд

Энди МакДауэлл
Карла Бруни
Летиция Райт

Гял цал, хээнцэр хэв маяг бүрдүүлэхэд мэдээж гялалзсан саа болон шигтгээнүүд хэрэг болдог. Улаан хивснээ алхсан алдартнууд үүнийг анхааралдаа аван төрөл бүрийн өнгөтэй шигтгээг нүдний доогуур, дээд зовхиндоо зоригтойгоор ашиглажээ. Жүжигчин Энди МакДауэлл өмссөн даашинзныхаа өнгө дагуу ногоон шигтгээгээр гоёж, Летиция Райт давхраан дээрээ гүн цэнхэр металлик саа түрхсэн бол Карла Бруни нүдний дотор буландаа мөнгөлөг тень ашигласан байна.

Час улаан уруул

Лея Сейду
Ребекка Холл
Марион Котийяр

Тод улаан уруул бол хэзээд ч эрэлттэй байх тренд юм. Хамгийн гол нь өөрийн үс, арьс, нүд болон хувцасныхаа өнгөтэй сайхан зохицох улаан уруулын будаг сонгох нь чухал билээ. Каннын наадам дээр энэхүү дүрмийг Лея Сейду, Ребекка Холл болон Марион Котийяр нар хамгийн сайн баримталсан байлаа.

Будаагүй мэт нүүр будалт

Белла Хадид
Грейс Элизабет
Энн Хэтэуэй

“Natural” төрхийг илүүд үздэг бол заавал сүүлийн үед тренд болоод буй тод, өнгөлөг нүүр будалт хийх хэрэггүй гэдгийг зарим алдартнууд харууллаа. Энн Хэтэуэй, Грейс Элизабет нар толигор, гэрэлтсэн арьсны эффектийг гаргахын тулд ердөө нүүрний крем, сормуусны будаг болон хайлайтер ашигласан байна. Мөн өмнө нь тод график контур зурж, олны анхаарлын төвд байсан Белла Хадид наадмын сүүлийн өдрүүдээр арьсныхаа гялалзсан, өөгүй байдлыг илүү тодотгож, “no makeup” будалтыг хийсэн юм.

Ялдам тод хацар

Эль Фаннинг
Изабели Фонтана
Эльза Хоск

Олон жилийн турш зузаан давхаргатай нүүрний суурь крем болон бараан бор сүүдэр улаан хивсний ёслолууд дээр зонхилсон. Тэгвэл энэхүү чиг хандлагыг ардаа орхиж, яг одоо эрүүл, гэрэлтсэн арьс бий болгоход анхаарлаа хандуулахыг одууд зөвлөж байна. Ингэхдээ хацрын ясыг гэгээлэг ягаан хацар өнгөлөгчөөр тодруулж, илүү эмэгтэйлэг төрх бүрдүүлээрэй. Тод туяатай хацар өнгөлөгчийг Эль Фаннинг, Изабели Фонтана болон Эльза Хоск нар туршиж, төрхөө илүү үзэсгэлэнтэй болгож чадсан юм.

Buro.Mongolia

2022-06-13, 10:09