Анар жимс сонгодог уран зурагт юу илэрхийлдэг вэ?

Дэлхийн сонгодог уран зураг бүр өөрсдийн гэсэн далд нууц утгыг агуулж байдаг. Мэдээж хэрэг уран бүтээлийг алдарт зураачид амилуулсан байдаг ч зураач болгон нэг бүрчлэн зураг болгоныхоо нарийн утгыг бүрэн тайлбарлаагүй хорвоог барсан нь харамсалтай. Одоог хүртэл зарим зургийн тайллыг эрдэмтэд тайлах гэж оролдсоор байдаг. Ван Гогийн дүүдээ бичсэн захидал эх хувиараа хожим хойно хэдэн сая еврогоор үнэлэгдсэн нь магад бид өнгөрснийг илүү бататгаж амьдрахыг хүсдэгтэй холбоотой байж болох. Нөгөөтээгүүр уран зурагт аль хэдийнээ нууцаа дэлгэсэн бүтээлүүд ч байх ба олон олон тайллууд ч нэгэнтээ батлагдаж ээ. Энэ дундаас хамгийн сонирхол татахуйц зурагт дүрслэгддэг зүйл бол “Анар” жимс юм.

Анар жимс бусад жимснүүдтэй харьцуулахад маш сонирхолтой хэлбэртэй. Үр ихтэй агаад, гадуураа зузаан хальсаар хучигдсан дотроо багшралдан ургадаг жимс. Анар нь янз бүрийн соёл иргэншилд олон бэлгэдэл, утга агуулгатай гэдгийг тэр бүр мэддэггүй. Хамгийн түгээмэл бэлгэдэл нь үржил шимийг илэрхийлдэг. Анарын латинаар malum granatum гэх бөгөөд үртэй алим гэсэн утгатай. Ганцхан ширхэг анар жимсэнд 600-800 орчим үр байдаг нь магад эрт дээр үед үр олон, эд баялаг элбэг байх утга агуулах жимс гагцхүү анар байсан байж болох. Хятад хэлэнд “үр” гэсэн ханз нь “үр хүүхэд” гэсэн утгатай ханзтай адил бичигддэг бөгөөд Хятадад төдийгүй бусад олон соёлд олон үртэй анар нь үржил шимийг мөн бэлгэддэг байна.


Pomegranate Flowers. Зураач Чиан Зай 1787 он.


Европын уран зурагт анар жимс нь хэд хэдэн утгыг агуулдаг. Харин хамгийн эртний түүх домогт анар жимс үхэл рүү хөтлөх гүүр болсон удаа ч бий. Данте Габриэль Россеттигийн Proserpine зураг үүний нэг жишээ юм. Зураг нь Ромын домог зүй дэх Просерпина (Грекээр Персефона)-гийн түүхийг дүрсэлдэг. Просерпина бол үржил шимийн бурхан Церерагийн охин. Түүнийг үхэгсдийн ертөнцийн бурхан Плутон хулгайлан авч одож, анар жимс идүүлснээр тэр газар доорх ертөнцтэй үүрд холбоотой болдог. Зураг дээр анар жимсний улаан өнгө Просерпинагийн уруулын өнгөтэй адил байх учир тэрээр аль хэдийнээ жимснээс идсэн утгыг агуулж буй.

Proserpine. Зураач Данте Габриэль Россетти 1874 он.


Madonna of the Pomegranate буюу Анар жимстэй Мадонна хэмээх сэргэн мандалтын үеийн Италийн уран зургийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох тус зураг Сандро Боттичелли ойролцоогоор 1487 он зурсан гэж үздэг. Мадонна болон Христийн дүрслэлийг зурагт буулгахад анар жимс шинэ санаа байсан гэж дүгнэж болох юм. Энэхүү зурагт анар нь цэвэр шашны бэлгэдэлтэй хэдий ч олон үртэй жимс гэдгээр нь анх харахад үржил шимийн бэлгэдэл мэт ойлгогдож магадгүй. Гэвч анарыг тус зурагт Христийн загалмай дээрх золиослол болон түүний дахин төрөлтийг зөгнөн илтгэх бэлгэдэл хэмээн үздэг. Жэймс Холл Dictionary of Subjects and Symbols in Art номдоо Христийн шашны хүрээнд анар жимсийг амилалт, дахин төрөлтийн бэлгэдэл гэж үздэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Madonna of the Pomegranate. Зураач Сандро Боттичелли 1487 он.


Эдгээр утгатай маш ойр анарыг төлөөлүүлэн зурсан зураг бол Fruit and Flowers. Баялаг цэцгийн баглаа, жимснүүдийг яг таг нарийн бодит мэт зурсан зураач бол Рейчел Рюйш юм. Зургийг ажиглан харваас зураач уг бүтээлээрээ үхэл амьдралын мөчлөгийг харуулж, төрөх үйл явцыг анар жимсээр төлөөлүүлж, харин амьдрал мөнх бус гэдгийг цэцэгсийн гундсан байдлаар харуулжээ. Эхэндээ зургийн дээд хэсэгт цэцгүүд бүрэн дэлгэрэн, босоо байдлаар дүрслэгдсэн бол, үзэгчийн харцыг аажмаар доош татан, гундаж буй цэцэгс рүү хөтөлнө.

Fruit and Flowers. Зураач Рейчел Рюйш 1716 он.


Анар жимсний тайлал үржил шимийг бэлгэддэг хэдий ч зарим тохиолдолд амьдралын мөчлөг, шашны урсгалд үхэл болон дахин төрөлтийг илэрхийлдэг аж. Тус жимсээр ямар нэгэн өөр зүйлийг төлөөлөн дүрсэлсэн бусад уран зургуудтай танилцацгаая.

The Madonna with Child (Salting Madonna). Зураач Антонелло да Мессина зурсан байх магадлалтай. 1460 он хавьцаа.


Madonna with Partridges. Зураач Антони ван Дайк 1632 он.


Girl with a pomegranate. Зураач Уильям Бугеро 1875 он.


Dream Caused by the Flight of a Bee around a Pomegranate a Second Before Awakening. Зураач Сальвадор Дали 1944 он.

Ж.Булган

2026-01-20, 13:12