Сальвадор Далигийн үл мэдэгдэх уран зураг олдлоо

55 жилийн турш хувийн цуглуулгад хадгалагдаж байжээ

Нью-Йорк хотын Heather James Art галерейд алдарт сюрреалист уран бүтээлч Сальвадор Далигийн үл мэдэгдэх уран зураг дэлгэгдэж байна. Энэхүү бүтээл нь 1960-аад оноос хойш нэгэн хувийн цуглуулгад хадгалагдаж байжээ. Уг зургийг Сальвадор Дали зурсан гэдгийг зураачийн уран бүтээлээр мэргэшсэн эксперт Николас Дешарнес баталсан аж.

"Урлагийн бүтээлийг жинхэнэ гэдгийг тогтооход ердөө хоёр үе шатлал ашиглагддаг. Эхнийхийг нь техникийн үе шат гэх бөгөөд үүнд би бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан. Харин нөгөөх нь зүгээр л цэвэр мэдлэг юм" гэж Дешарнес ярилаа.

Тэрээр энэ бүтээлийг есөн сарын турш судалжээ. Николас Дешарнес зургийг хэт улаан туяагаар шалгаж, будаг ба гарын үсгэнд нь дүн шинжилгээ хийсэн байна. Мэргэжилтэн шинжилгээний үр дүнд энэхүү бүтээл нь Сальвадор Далигийн 1930-аад онд бүтээгдсэн "Morpholigical Echo" зурагтай нэгэн үед бүтээгдсэн гэдгийг тогтоожээ.

Сонирхуулахад Николас Дешарнес 2014 онд Сальвадор Далигийн "The Intrauterine Birth" нэртэй уран бүтээлийг жинхэнэ болохыг нь тогтоож байсан юм.

Одоогийн байдлаар Heather James Art галерэйд уг зургийг худалдаж авах саналууд ирсээр байгаа гэнэ.

Buro.Mongolia

2018-02-28, 10:00

  • Зураг: