Венецийн кино наадам 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд

Өчигдөр буюу есдүгээр сарын 12-ний өдөр Италийн Лидо арал дээр 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын нээлтийн үйл ажиллагаа сүр жавхлантайгаар болж өндөрлөлөө.


Наадмын эхний өдөр найруулагч Дэнни Бойлын Ink кино нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үеэр наадмын хамгийн том шагнал болох Алтан арсланг жүжигчин Жорж Клуни болон жүжигчин Лора Дерн нарт гардуулж өглөө.

Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Мэгги Жилленхол ахлаж байгаа бөгөөд түүнтэй хамт Тунисын найруулагч Каутер Бен Хания, Их Британийн хөгжмийн зохиолч Дэниел Бламберг, Италийн кино судлаач Франческо Казетти, Францын найруулагч Ксавье Жанноли, Афганистаны найруулагч Шахрбану Садат болон Хонконгийн найруулагч Жонни То нар бүтээлүүдийг шүүх юм.

Энэ жилийн 83 дахь удаагийн наадмын талаарх өөр нэг хэлэлцүүлгийн гол сэдэв нь эмэгтэйчүүдийн оролцоо байв. Учир нь тус наадамд өрсөлдөж буй нийт 21 бүтээлээс цор ганц нь л Дани-Египетийн эмэгтэй найруулагч Мэй эль-Тухигий бүтээл аж. Түүний өрсөлдөөнд сойж буй The Unknown Woman хэмээх кино бүтээл нь дайны дараах үеийн гэрийн үйлчлэгч асан Маригийн амьдралыг өгүүлэх юм. Энэ нь сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болж байна.

Түүнчлэн Deadline-ийн мэдээллэснээр сүүлийн жилүүдэд сэтгүүлчидтэй хийх уулзалтууд хэт улс төржиж байгаатай холбогдуулан Венецийн кино наадам түүхэндээ анх удаа наамдыг хэвлэлийн бага хуралгүйгээр эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Эхний өдрийн улаан хивсний ёслолд одод ихэвчлэн сонгодог үдшийн хувцаслалт буюу урт даашинз, хар өнгийг голчлон сонгосон харагдлаа. Энэ нь тус наадмын дресс код биш хэдий ч хар өнгө нь хэзээд классик, хуучирдаггүй өнгө бөгөөд үдшийн гэрэлд биеийн галбирыг тодотгож өгдөг билээ. Гэсэн хэдий ч энэхүү бараан өнгөнүүдийн дунд том далавч бүхий ягаан даашинз, өвөрмөц шийдэлтэй өмдний хослол болон онцгойлон харахгүй байхын аргагүй сонирхолтой деталь бүхий хувцаслалтууд ч мөн харагдаж байлаа.

Ингээд 83 дахь удаагийн Венецийн кино наадмын улаан хивсний шилдэг төрхүүдтэй танилцацгаая.

Ц. Усанболор

2026-09-03, 15:33