Есдүгээр сард цацагдах шинэхэн цувралууд

Энэ есдүгээр сар кино, цуврал сонирхогчдын хувьд тун чиг завгүй, дэлгэцийн урд уягдах өдрүүдээр баян байх нь гарцаагүй. Шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг чилээж, удаан хүлээлгэсэн зарим алдартай шоунууд дараагийн бүлгээ дэлгэхээс гадна цоо шинэ, сонирхолтой цувралууд ч ар араасаа нээлтээ хийх гэж байна. Тэгвэл тэдгээр бүтээлүүдээс үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй есдүгээр сарын онцлох цувралуудыг танилцуулж байна.


Gentlemen 2

Цацагдах огноо: Есдүгээр сарын 3

Гай Ричи өөрийн бүтээсэн ертөнцийг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Тэрээр тус цувралын санааг гаргаж, шоураннер болон зохиолчоор ажиллахаас гадна хэд хэдэн ангийг өөрөө найруулжээ.

Тео Жеймс Эдди Хорниманы дүрдээ эргэн ирэх бөгөөд тэрээр өв залгамжлал хүлээн авсныхаа дараа Бобби Глассын удирддаг гэмт хэргийн бизнест татагдан ордог. Харин түүний гол хамтрагч нь Боббигийн охин Сьюзи Гласс байх болно. Тэрээр эцгийнхээ гэмт хэргийн эзэнт гүрний нэлээд хэсгийг удирддаг. Цувралын нэгдүгээр бүлэгт Эдди, Сьюзи хоёр аргагүйн эрхэнд хамтран ажиллаж байсан ч тэдний харилцаанд өрсөлдөөн тод мэдрэгддэг байсан бол хоёрдугаар улиралд тэд Боббигийн доор хамтран ажилласаар байх бөгөөд тэдний хооронд үүссэн хайр улам бүр гүнзгийрэх болно.


Chad Powers 2

Цацагдах огноо: Есдүгээр сарын 3

Талбай дээрх нэгэн золгүй явдлаас болж тамирчны замнал нь сүйрсэн, коллежийн хөлбөмбөгийн довтлогч Расс Холлидэйн дүрийг Глен Пауэлл дахин бүтээж байна. Tэрээр найман жилийн дараа дахин хүч үзэхээр шийдэж, нүүр будалтын тусламжтайгаар Чед Пауэрс хэмээх содон ааштай шинэ тоглогч болон хувирдаг. Энэхүү шинэ дүр төрхөөрөө тэрээр South Georgia Catfish багийн бүрэлдэхүүнд багтаж, спортын мөрөөдлөө эргүүлэн авчрахаар хичээж эхэлдэг.

Хоёрдугаар бүлэгт Чед багийнхаа гол од болж чадах хэдий ч хоёр амьдралаар амьдрах нь түүнд улам бүр хэцүү болно. Багийн дасгалжуулагч Жэйк Хадсон болон сэлгээний довтлогч Жэрри нар багийн шинэ одын талаар ямар нэгэн сэжигтэй зүйл байгааг ажиглаж эхэлснээр гол үйл явдал өрнөнө.


Last seet

Цацагдах огноо: Есдүгээр сарын 9

Патрик Браммелл 11 настай охин Мэгги нь сураггүй алга болсон мөрдөгч асан Иэн Ридлигийн дүрийг бүтээжээ. Тэрээр одоо цагдаагийн газрын дуудлагын диспетчерээр ажилладаг ч болсон үйл явдалтай эвлэрч чадахгүй яваа нэгэн. Гэтэл нэгэн өдөр өсвөр насны хүүхдээс ирсэн дуудлага бүхнийг орвонгоор нь эргүүлнэ. Тэрээр утасны цаана байгаа хүн охин Мэгги нь байж магадгүй гэж сэжиглэх аж. Охиноо олохын тулд тэрээр гэр бүлийг нь сүйрүүлсэн хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлдэг. Австралийн зургаан ангит уг триллер цувралыг Райан Дэвид Яны Диспетчер романаас сэдэвлэн бүтээжээ. Цувралын найруулагч болон гүйцэтгэх продюсероор The Crown, Munich – The Edge of War бүтээлүүдээрээ алдаршсан Кристиан Швохов ажилласан бөгөөд зураг авалтыг Австралийн Викториа мужид хийсэн байна.


Neagley

Цацагдах огноо: Есдүгээр сарын 9

Энэ удаагийн түүх Фрэнсис Ниглигийн тухай өгүүлэх ба дүрийг дахин Мариа Стен бүтээжээ. Цэргийн тусгай нэгжийн гишүүн асан тэрээр одоо Чикагод хувийн мөрдөгчөөр ажилладаг. Гэтэл нэгэн өдөр түүний дотнын найз сэжигтэй нөхцөл байдалд амь үрэгдэхэд тэрээр үүнийг тохиолдлын зүйл гэдэгт итгэхээс татгалзаж, бие даан мөрдөн байцаалт эхлүүлдэг. Мөрдлөгийн сэжүүр түүнийг аюултай хуйвалдаан руу хөтлөх бөгөөд Фрэнсист туслахаар түүний хамт алба хааж байсан цэргийн нөхөр Жек Ричер ирнэ.


South Park 29

Цацагдах огноо: Есдүгээр сарын 16

1997 онд анхны ангиа цацаж байсан цуврал ийнхүү 29 дэх бүлгээ олны хүртээл болгох гэж байна. Стэн, Кайл, Картман, Кенни нар эргэн ирж, томчуудын ертөнцийг дахин нэг удаа ёгт егөөдлөөр тольдон харуулна. Трей Паркер, Мэтт Стоун нар Колорадо дахь энэхүү зохиомол жижиг хотыг америкийн амьдралын хамгийн халуун сэдэв болох улс төр, технологиос эхлээд одуудын дуулиан шуугиан, соёлын үйл явдлуудыг шүүмжилсэн талбар болгон хувиргажээ.


Monster: The Lizzie Borden Story

Цацагдах огноо: Есдүгээр сарын 17

1892 онд 32 настай нэгэн эмэгтэйг эцэг Эндрю болон хойд эх Эбби нарынхаа амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан бөгөөд тэдний цогцсыг Массачусетс дахь гэрээс нь олжээ. Олон нийтийн анхаарлыг татсан шүүх хурал болсон хэдий ч Борденийг цагаатгасан хэдий ч энэхүү аймшигт хэргийн нөхцөл байдал өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм.

Элла Битти Лиззигийн дүрийг, Вики Крипс Бордений гэр бүлийн ирланд шивэгчин Бриджит Салливаны дүрийг бүтээжээ. Тус цуврал нь зөвхөн гэмт хэрэгт анхаарлаа хандуулаад зогсохгүй хоёр эмэгтэйн харилцаагаар дамжуулан анги давхаргын тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь болон XIX зууны төгсгөл үеийн Америкийн нийгмийн уур амьсгалыг гүнзгий харуулах аж.


Mobland 2

Цацагдах огноо: Есдүгээр сарын 18

Гай Ричигийн уран бүтээлийн шүтэн бишрэгчдийг энэ есдүгээр сард түүний өөр нэгэн төсөл хүлээж байна. Энэ бүлэг Гарри да Соузагийн түүхийг өгүүлнэ.

Эхний бүлгийн үйл явдлын дараа Харриганы гэр бүлийн байр суурь улам бүр хэврэгших бөгөөд гэр бүл доторх санал зөрчилдөөн нэмэгдэж, шинэ өрсөлдөгчид гарч ирэн, эрх мэдлийн төлөөх тэмцэл тэдний эзэнт гүрнийг дотроос нь сүйрүүлэхэд хүрэн.

Цувралын хоёрдугаар бүлэгт Том Хардигаас гадна Пирс Броснан, Хелен Миррен нар хамтран тогложээ.

Ц. Усанболор

2026-09-03, 11:14