Euphoria цувралын шинэ бүлэгт хөгжмийн зохиолч Ханс Зиммер ажиллана
HBO-ийн хамгийн алдартай цувралуудын нэг болох Euphoria–гийн гуравдугаар бүлэг 2026 онд үзэгчдийн хүртээл болохоор товлогдсон билээ. Харин энэ удаа цувралын хөгжмийн найруулгад жинтэй өөрчлөлт орох нь тодорхой болжээ. Учир нь хөгжмийн ертөнцийн домогт нэр, Оскарын шагналт зохиолч Ханс Зиммер шинэ бүлгийн хөгжмийн зохиолчоор ажиллахаар болсон байна.
Тэрээр Inception, Interstellar, The Lion King, Dune зэрэг алдартай бүтээлүүдийн хөгжмийн зохиолчоор ажилласан бөгөөд өргөн цар хүрээтэй, сэтгэл татам оркестрын хөгжмөөрөө танигдсан нэгэн. Түүний бүтээлүүд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, тухайн зохиолын утга агуулгыг илүү гүнзгий мэдрүүлдэг гэдгээрээ үнэлэгддэг билээ.
Мөн Euphoria цувралын уур амьсгалыг эхнээс нь бүрдүүлсэн дуучин, хөгжмийн зохиолч Labrinth шинэ бүлэгт ажиллахаар болж, тус цувралын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсан мэдээг дуулгалаа. Тэрээр өмнөх бүлгүүдэд Still Don’t Know My Name, I’m Tired, All for Us зэрэг дуугаараа дамжуулан цувралын мэдрэмж, дүрслэлийг хөгжмөөр гайхалтай илэрхийлж чадсан юм.
Ийнхүү Ханс Зиммерийн сүр жавхлант хөгжим болон Labrinth-ийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн электроник аялгуу хоорондоо нийцэн Euphoria цувралын хөгжмийн найруулгыг урьд урьдаас ч илүү хүчтэй, сэтгэл татам болгоно хэмээн салбарын мэргэжилтнүүд таамаглаж эхэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт