K-pop ертөнцийн хар бараан талыг харуулах цувралд Сун Еэжин тоглоно

Netflix-ийн шинэхэн төсөл

Netflix-ийн шинэхэн төслийн хүрээнд жүжигчин Сун Еэжин болон Squid Game цувралаар олонд танигдаад буй дуучин, жүжигчин Жо Юүри нар Variety хэмээх сэтгэлзүйн триллер жанрын цувралд дүр бүтээхээр болжээ. Харин цувралын найруулагчаар Mask Girl бүтээлээрээ алдартай найруулагч, зохиолч Ким Ёнхүн ажиллах юм.

Цувралын үйл явдалд Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагийг үүсгэн байгуулсан энтертайнмент компанийн захирал Саын (Сун Еэжин) болон тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч Сынхи (Жо Юүри) нарын тухай өгүүлэх аж. Сун Еэжиний бүтээж буй дүрийн хувьд зорилгодоо хүрэхийн тулд юуг ч золиослохоос буцахгүй шазруун бүсгүй бол Жо Юүри нь хайртай дуучныгаа үргэлж дагаж, ямар ч үнээр хамаагүй түүнтэй бодитоор уулзахыг хүсдэг, хэт туйлширсан фен охины дүр гэнэ.

Харин цувралын цацагдах огноо, бусад дүр бүтээх жүжигчид зэрэг чухал мэдээллүүд одоогоор цацагдаагүй байгаа юм. Мөн Variety нь Сун Еэжиний 2022 онд дүр бүтээсэн Thirty Nine бүтээлээс хойших анхны цуврал гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа билээ.

Э.Цовоо

2025-07-21, 14:59