#BuroCrush: Шинэ гялалзах од Анна Савай

Домогт The Beatles хамтлагийн тухай бүрэн хэмжээний кино 2028 оны дөрөвдүгээр сард дэлгэцнээ гарахаар товлогдоод буй. Киноны найруулагчаар Сэм Мендес ажиллаж байгаа бөгөөд уг төсөл нийт дөрвөн ангиас бүрдэх юм. Анги бүр хамтлагийн гишүүдийн амьдрал, урлагийн замналыг тус тусын өнцгөөс харуулах бол дөрөвдүгээр бүлэг нь Жон Ленноны түүхийг өгүүлэх юм. Түүний дурлалт бүсгүй болох Ёко Оногийн дүрд жүжигчин Анна Савай тоглож магадгүй гэх мэдээлэл шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Сүүлийн хоёрхон жилд дэлхий даяар нэр хүнд нь огцом өсч, уран чадвар, хөдөлмөрч зан, өвөрмөц төрхөөрөө шуугиан тарьсан Анна Савай гэж хэн бэ? Тэрээр маш богино хугацаанд дэлхийн томоохон кино наадмуудын шилдэг гэх тодотголтой шагналуудыг хүртэж, түүхэнд анх удаа Эммигийн шагнал хүртсэн Ази эмэгтэй болсон юм. Түүнийг олон хүн Shōgun түүхэн цувралд бүтээсэн дүрээр нь илүүтэй мэддэг ч, амжилтад хүрэхийн тулд туулсан замналыг нь тэр бүр мэддэггүй. Ингээд түүний талаар сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу. 


Ерөнхий мэдээлэл

Нэр: Анна Савай

Төрсөн он, сар, өдөр: 1992.06.11 (33 настай)

Орд: Ихэр

Өндөр: 155 см

Instagram: @annasawai

Анна Савай 1992 оны зургаадугаар сарын 11-нд Шинэ Зеландын Веллингтон хотод айлын хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүний аав цахилгаан барааны үйлдвэрт ажилладаг байсан бол ээж нь дуурийн дуучин байв. Урлагт татагдах болсон шалтгаан нь чухамдаа ээжээс нь улбаатай гэж хэлж болно. Аннагийн ээж түүнийг гурван настайгаас нь эхлэн төгөлдөр хуур зааж, дуулах урлагт сургаж эхэлсэн нь хожмоо охиноо урлагт хайртай, тууштай нэгэн болгожээ.

Анна 11 настайдаа Чарльз Страуз, Мартин Чарни нарын Annie мюзиклд гол дүр бүтээж, урлагийн замналынхаа анхны том алхмыг хийсэн. Тэрээр энэ дүрээ амжилттай амилуулснаар 2009 онд Холливудын Ninja Assassin кинонд Кирикогийн дүрийг бүтээсэн юм.

2010 онд Анна Савай Софиягийн их сургуульд элсэн суралцсан бөгөөд сурч байх хугацаандаа дуулах хүсэлдээ хөтлөгдөн Avex Trax лейблтэй хамтран ажиллаж эхэлжээ. Улмаар 2012 оны гуравдугаар сард бейсболын Дээд лигийн тоглолтыг нээж, АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлсэн гэдэг. Оюутан ахуйдаа тэрээр хэд хэдэн хөгжмийн хамтлагт дуулж байсан бөгөөд анх Avex Rising Angels хамтлагийн гишүүн болсон ч удалгүй хамтлаг тарж, Анна Faky охидын хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Тус хамтлаг 2014 онд анхны The One, 2016 онд дараагийн Candy нэртэй цомгуудаа гаргажээ. Үүнтэй зэрэгцэн тэрээр өөрийн бие даасан анхны Better with You хэмээх дуугаа гаргаж байв. Харин 2018 онд Анна жүжигчний карьертаа өөрийгөө бүрэн зориулах шийдвэр гарган, Faky хамтлагаасаа гарсан түүхтэй.

Түүний жүжигчний карьерийн томоохон түлхэц болсон бүтээл бол 2021 онд найруулагч Жастин Лины найруулсан Fast & Furious 9 кино юм. Тэрээр энэхүү бүтээлд Холливудын шилдэг жүжигчид болох Вин Дизель, Мишель Родригес, Курт Рассел, Шарлиз Терон нарын хамт тоглож, олон улсын кино ертөнцөд өөрийн нэрийг тодорхой хэмжээнд таниулж чадсан. Кино нээлтээ хийсний дараа шүүмжлэгчид түүнийг “олон талын чадвартай, ирээдүйтэй жүжигчин” хэмээн онцолж байсан юм.

Харин 2022 онд тэрээр Apple TV+-ийн Pachinko цувралын Наомигийн дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Улмаар 2024 онд гарсан Godzilla киноны спин-офф болох шинжлэх ухааны уран зөгнөлт Monarch: Legacy of the Monsters цувралд гол дүрийн Кейт Рандагийн дүрийг бүтээжээ. Харин үүний дараа түүний жинхэнэ тэсрэлт, уран бүтээлийн оргил үе нь 2024 онд гарсан Shōgun түүхэн драм байсан. Уг цувралд Анна Савай Тодо Марико-саны дүрийг бүтээж, дэлхий нийтэд жүжигчний хувьд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болох юм. Тэрээр энэ дүрийн судалгааг олон сарын турш хийж, кимоно зөв өмсөхөөс эхлээд нагината буюу урт сэлмээр тулалдах урлагийг хүртэл сурсан гэдэг.

Түүний энэхүү хичээл зүтгэл үр дүнгээ өгч, 2024 онд Эммигийн “Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэй болсон бөгөөд 2025 онд Алтан бөмбөрцөг наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг тус тус хүртжээ.

Үүгээр ч зогсохгүй, 2025 оны хоёрдугаар сарын 5-нд Dior брэнд Анна Савайг албан ёсны төлөөлөгчөөрөө томилсон ба брэндийн албан ёсны мэдэгдэлд “Энэ бол бүтээлч байдал, урлагийг хайрлах сэтгэл дээр суурилсан өвөрмөц нэгдэл юм. Мөн брэнд болон соёл хоёрын нягт уялдаа холбоог чухалчилж байна” хэмээн дурдсан байна.

Ц. Усанболор

2025-11-05, 14:00