Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулагдана
Загвар зохион бүтээгч Дрис Ван Нотен амьдралын хамтрагч Патрик Вангелувегийн хамт гар урлалыг дэмжих сан байгуулах болсноо зарлалаа.
Fondazione Dries Van Noten хэмээх тус сан нь бүтээлч сэтгэлгээтэй гар урчуудад зориулагдах бөгөөд урлагт хайртай, өөрийн нэрийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах хүсэлтэй хэн бүгдэд дэмжлэг үзүүлэх зорилготой сан юм. Уг сангаар дамжуулан тухайн гар урлаачийн албан тушаал, ажилласан туршлагыг үл харгалзан хамтарсан төсөл боловсруулж, уран бүтээлчид хоорондын туршлага солилцох хөтөлбөр болон тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Байршлын хувьд Италийн Венец хотын Сан-Поло дүүрэгт орших Palazzo Pisani Moretta түүхэн ордон сонгосон нь мөн учир шалтгаантай.
Дрис Ван Нотен: “Венец бол зөвхөн амралтын өдөр ирээд буцдаг амьгүй хот биш. Зах зээлээсээ эхлээд дотоод эргэлтээ эрчимжүүлсэн, оршин суугчдын амьдрал буцалсан, соёлоороо онцгойрох гайхалтай эрч хүчтэй бүтээлч хот юм. Бид Palazzo Pisani Moretta-г цаг хугацаанд хоцрогдсон мэт харагдах ойлголтыг эвдэж, бүтээлч хэн бүхний ур ухаан ундрах онцгой ордон байгаасай гэж хүссэн. Ид бүтээн туурвиж буй гар урчууд олон улсын тайзанд хүрэхэд тусалж, залуу үеийнхэн хувьсан өөрчлөгдөж өөрсдийн түүхийг бичихээр эрмэлзэж байгааг харуулахаар ажиллаж байна” хэмээн онцолсныг artnews.com-д дурджээ.
Fondazione Dries Van Noten сангийн анхны үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 25-нд The Only True Protest is Beauty нэртэйгээр толилуулагдах бөгөөд куратороор сангийн үүсгэн байгуулагч Ван Нотен, Бельгийн дизайнер Герт Брулут нар хамтран ажиллана.
Албан ёсны мэдэгдэл дээр “Эл үзэсгэлэнд үзэгч бидэнд хэдийн дасал болсон хөөрхөн, сайхан байх тухай энгийн зүйлийг дурдахгүй. Төсөөлж ч амжаагүй сонин хоршил, эмх замбараагүй эцэс төгсгөлгүй үргэлжлэх хэвшлээс сэрээж урам зориг төрүүлэн зүрхэнд тань “шинэ хаалга” нээж чадахаар тийм нандин бүтээлүүдийг шинэ үеийн уран бүтээлчдийн хамт хүргэнэ” хэмээн тайлбарлажээ. Ордны 20 өрөөг дамнан дэлгэгдэх тус үзэсгэлэнд загвар, гоёл чимэглэл, гэрэл зураг, шилэн эдлэл, керамик гэх мэт 200 гаруй биет бүтээлүүд багтаж байгаагийн дотроос Кристиан Лакруа, Ком де Гарсон зэрэг брэндүүдийн кутюр загварууд ч мөн дэлгэгдэх аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт