Бейонсегийн аялан тоглолтын үеэр Destiny’s Child хамтлаг эргэн нэгдлээ

Бейонсегийн Cowboy Carter нэртэй аялан тоглолтын сүүлийн зогсоол Лас Вегаст ирж, олон мянган үзэгчийн өмнө сүр жавхлантайгаар хаалтаа хийлээ. Тэгвэл тус үдэш Destiny’s Child хамтлаг удаан хугацааны дараа тайзнаа эргэн нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжжээ. 

1990-ээд оны эхээр Girls Tyme нэртэйгээр анх байгуулагдаж, 1997 оноос Destiny’s Child нэрээр албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлсэн тус хамтлаг нь R&B болон поп хөгжмийн ертөнцөд өөрсдийн хүчирхэг, эмэгтэйлэг, нөлөө бүхий байдлаараа тод ялгарч үлдсэн билээ. Тэдний Say My Name, Survivor, Independent Women зэрэг хит уран бүтээлүүд зөвхөн хөгжмийн жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй олон мянган залуу охидын дотоод дуу хоолой, эрх чөлөө, өөртөө итгэх итгэлийг илэрхийлж ирсэн түүхтэй. 

Ийнхүү тус үдэш Бейонсе хамтлагийнхаа охид болох Келли Роуланд, Мишель Уильямс нарыг тайзнаа урьж Lose My Breath, Bootylicious зэрэг 2000-аад оны алдарт дуунуудаа толилуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд мартагдашгүй мөч болж чадсан юм. Тэд алтлаг, гялалзсан, ковбой хэв маягтай хувцсаар Destiny’s Child-ийн оргил үеийн загварлаг мэдрэмжийг дахин амилуулж тайзан дээр гал асаасан үзүүлбэрийг үзүүлж чаджээ. 

Э.Цовоо

2025-07-28, 13:35