2025 оны Тернерийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Арванхоёрдугаар сарын 9-нд ялагчийг тодруулна
Урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Тернерийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэн есдүгээр сарын 27-ны өдөр Английн Cartwright Hall урлагийн галерейд дэлгэгдлээ. Ингээд энэ жил Тернерийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна.
Ннена Калу – Шотландын Глазго хотоос гаралтай уран бүтээлч. Тэрээр целлофан цаас, скоч ашиглан уран баримал, инсталляц хийдэг. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүд нь Ливерпулийн урлагийн галерейд зохиогдсон Conversations үзэсгэлэн, Барселон хотод болсон Манифеста 15 үзэсгэлэнд оролцсон түүний бүтээлээс бүрдэж байна.
Рене Матич – Өөрийн гэр бүл, ах дүү, найз нөхдийн зургаар дамжуулан гэр бүлийн өв түүхийн судалгаан дээр үндэслэн бүтээлээ тууривдаг зураач, зохиолч. Тэрээр Берлин хотын Орчин үеийн урлагийн төвд гаргасан As Opposed To The Truth нэртэй бие даасан үзэсгэлэнгээрээ уг шагналд нэр дэвшиж байгаа юм.
Мохаммед Сами – Өөрийн төрөлх нутаг Багдад хотынхоо дурсамж, дурдатгал түүхийг харуулсан ландшафт зургуудаараа алдаршсан уран бүтээлч. Тэрээр Оксфорширын Бленхеймд гаргасан After the Storm нэртэй үзэсгэлэнгээрээ нэр дэвшжээ.
Зэди Ча – Ханын зураг, нэхмэл, дуу авиа, уран зураг зэрэг олон төрлийн хэлбэрээр ажилладаг уран бүтээлч. Түүний бүтээлүүд далай тэнгисийн сэдэвтэй, ардын аман зохиол болон хувийн түүхүүдээс сэдэвлэгдсэн байдаг. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хотод болсон 16 дахь Биеннальд Бенито Майор Вальехотой хамтран бүтээсэн Moonlit Confessions Across Deep Sea Echoes: Your Ancestors Are Whales, and Earth Remembers Everything үзэсгэлэнгээрээ шүүгчдийн сайшаалыг хүртсэн байна.
Уг үзэсгэлэн 2026 оны 2-р сарын 22 хүртэл үргэлжлэх ба ялагчийг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт