1970-аад оны өдөөн хатгасан хэв маяг Gucci-гийн шинэ цуглуулгад

Хавар-зун 2020

Миланы загварын долоо хоногийн сүүлийн өдөр Gucci загварын ордны бүтээлч захирал Алессандро Микеле хавар-зун 2020 улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Хоёр хэсгээс бүрдэх шинэ цуглуулгын эхний хэсэгт дан цагаан өнгөөр дагнасан чөлөөт хэв маягтай төрхүүд тайзнаа гарсан бол хоёр дах хэсэгт 1970 болон 90-ээд оныг санагдуулам тачаангуй, өдөөн хатгасан хэв маягтай загварууд оржээ. Торон оруулгатай slip даашинз, органза материалтай нэвт гэрэлтэх топ, гүн энгэрийн ухлаадастай цамц, тэйлор хийцийн хослол, хурц эсгүүртэй хүрэм, жийнсэн хослолууд хоёр дах хэсэгт багтсан ба өнгөний хувьд шүрэн ягаан, усан цэнхэр, нил ягаан хүрэн зэрэг завсрын өнгөнүүд давамгайлжээ.

Gucci загварын ордныг тав дах жилдээ удирдаж буй Алессандро Микеле өнгөрсөн жилүүдэд гайхшрал төрүүлсэн, хэтрүүлэгтэй загваруудыг ихэнхдээ урлаж байсан бол энэ удаагийн цуглуулга амьдралд ойр загваруудаар дүүрэн байлаа. Дизайнер үүнийгээ шинэ зүйл туршсан хэмээн үзэж байгаа бөгөөд "Би уйтгартай байдлаас үргэлж эмээдэг учир үргэлж шинэ зүйлс туршиж үзэх шаардлагатай болдог" гэж ярьжээ.

Buro.Mongolia

2019-09-23, 11:51