Баяртай Карл Лагерфельд: Дизайнерын Chanel-д зориулсан сүүлийн цуглуулга

Намар-өвөл 2019

Парисын загварын долоо хоногийн хаалтын өдөр хүн бүрийн хүсэн хүлээсэн Chanel брэндийн намар-өвөл 2019 улирлын загварын шоу болж өнгөрлөө. Энэхүү цуглуулгыг дизайнер Карл Лагерфельд урласан бөгөөд энэ нь түүний Chanel ордонд зориулсан хамгийн сүүлийн бүтээл болж байгаа юм. Карл Лагерфельд хоёрдугаар сарын 19-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул энэ улиралд зөвхөн Chanel гэлтгүй бусад олон брэндүүд аугаа дизайнерт хүндэтгэл үзүүлсэн байгаа.

Энэ удаад Гран-Пале ордон цасанд булагдсан тосгон болж хувирсан ба загварын тайзнаа өргөн брюк өмд бүхий твид хослол, газар хүрсэн урт пальто болон шляп малгайгаар гоёсон алдарт моделиуд алхлаа. Твид материал олон өнгийн сонголттой байсан бөгөөд тэр дундаас хар-цагаан, сүүн цагаан ба улаан-цэнхэр өнгөтэй хувилбарууд хамгийн ихээр анхаарал татлаа.

Цуглуулгын хоёрдугаар хэсэгт нэхмэл свитер, кардиган ба даашинзууд давамгайлсан ба дизайнер эдгээр загварыг тод өнгийн өдөн курткатай хослуулан өмсөхийг санал болгожээ. Мөн намирсан гоёлын даашинз, үслэг материалтай гар цүнх зэрэг нь цуглуулгын онцлох загваруудаар тодорсон юм.

Шоуны төгсгөл хэсэгт бүхэлдээ цасан цагаан хувцас өмссөн Карл Лагерфельдийн урлагийн тэнгэрүүд Пенелопа Крус, Кара Делевинь, Кайя Гербер зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд гарч иржээ. Харин үүний дараа зохион байгуулагчид Карл Лагерфельдийн хоолойн бичлэгийг тавихад зочид нулимсаа тэвчилгүй аугаа дизайнерыг санан дурссан юм.

Buro.Mongolia

2019-03-06, 18:54