Бюро 24/7 тойм: Alexander Wang, Цуглуулга 1

Александр Ванг АНУ-д хайраа илчиллээ

2018 оны эхээр дизайнер Александр Ванг Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохгүйгээр зургаа болон арван хоёрдугаар саруудад шинэ цуглуулга танилцуулах болсноо зарласан билээ. Тэгвэл өчигдөр Александр Ванг Collection 1 хэмээн нэрлэгдсэн шинэ цуглуулгаа Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт байрлах Pier 17 байшингийн террас дээр танилцууллаа. Collection 1 цуглуулгаас хард рок тэр тусмаа Guns N' Roses хамтлагийн гишүүн Эксл Роузийн стилийг санагдуулам бандана алчуур, том загварын савхин хүрэм, уранхай жийнс, нарны шил гэх загваруудыг олж харах боломжтой байсан бөгөөд дизайнер тэдгээрийг поп дива маягийн богино топ, нүсэр зүүлт зэрэгтэй хослуулжээ.

Түүнчлэн цагаач иргэдийн асуудал хүчтэй яригдах болсон өнөө цагт Александр Ванг уг цуглуулгаараа дамжуулан Америк улс болон түүний хүсэл мөрөөдлийг дэмжиж буй хүн бүрт талархал илэрхийлж буйгаа онцолсон юм. Учир нь Вангийн аав ээж түүнийг Америк улсад цагаачилсныхаа дараа төрүүлсэн билээ.

Buro.Mongolia

2018-06-04, 18:49